А.Алтангэрэл: Харшил үүсгэдэг ургамлыг зулгааж тасдах нь буруу
Дулааны улиралд хүмүүсийг зовоодог өвчний нэг бол харшил. Хоолны хордлого, гэдэсний халдварт өвчнөөр өвдөхөд хоёр, гурав хоноод эдгэрдэг бол энэ өвчин бараг эдгэрдэггүй. Жил бүр л хүмүүсийг зовоосоор байдаг. Өнөөдөр Улаанбаатар хотын хувьд харшлын өвчин багасах улирал бараг байхгүй болсон. Яагаад гэвэл өвлийн агаарын бохирдлоос болж ханиаж багтрах нь багасуут зун болж зүлэг ургаж, модод нахиалж эхлэхэд ургамлын харшил эхэлдэг.
Гэхдээ хүмүүсийн харшил хамгийн их хөдөлдөг үе нь долдугаар сарын 10-наас есдүгээр сарын эх хүртэлх хугацаа юм. Долдугаар сарын дундаас шарилж луулины тоосоо гөвөх үе эхэлдэг. Шарилж луулины тоос нь харшил үүсгэх чадвараар бусад ургамлаас илүү, олон хүний хөлөөр талхилагдсан газар ургадаг болохоор "хөл газрын ургамал" гэж нэрлэдэг. Энэ нь зүлэг ногоогоо тайрч янзалдаггүй хотынхонд тохирсон ургамал болохоор арчилгаа голдоггүй. Тиймээс бусад ургамлыг бодвол их хэмжээгээр тархан ургаж, харшил үүсгэдэг байна.
-ТООСОО САЛХИАР ДЭГДЭЭХЭЭС ӨМНӨ ТАЙРАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ-
Ургамлын тоосны харшилтай хүмүүсийн дийлэнх нь шарилж, луулийн төрлийн ургамлын тоосноос үүдэлтэй байдаг. Үүнээс сэргийлэх үндсэн арга нь эдгээр ургамлыг үрлэж, тоосоо салхиар дэгдээхээс өмнө тайралт хийх юм. Гэсэн хэдий ч энэ талаар иргэдийн мэдлэг дутмаг байдгаас зулгаах, шатаах зэрэг буруу аргаар тэмцсэнээр хөрсийг эвдэх, тоосжилтыг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагавар үүсгэдэг. Тиймээс НЭМҮТ өөрсдийн эзэмшлийн талбайн эдгээр ургамлыг тайрахын зэрэгцээ ард иргэдэд мэдээлэл өгч байна.
НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан А.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Харшлын улирал эхэллээ. Хот суурин газрынхан харшлын өвчинд илүү нэрвэгдэх хандлагатай юу?
-Шарилж болон бусад төрлийн хөл газрын ургамлууд нь хөрсний үржил шим доройтоход их хэмжээгээр ургадаг. Шарилж, луулийн төрлийн ургамал харьцангуй их тоостой. Тэр хэрээрээ харшил үүсгэдэг. Ургамал цэцэглээд, дохиурынх нь тоос агаарт дэгдэж, бохирдол үүсгэдэг. Энэ агаараар удаан амьсгалсан тохиолдолд амьсгалын замын шалтгаант харшил болон арьсны шалтгаант харшил үүсэх нөхцөл бүрддэг. Судалгаагаар ургамлын тоосны харшлаар хотын хүүхдүүд хөдөөнийхөөс хоёр дахин илүү өвчилж байгаа нь тогтоогдсон. Тодруулбал, өвчлөл хотод дунджаар 1000-д 19.7 байхад хөдөөд 9.6 байсан.
-Улаанбаатарт харшил үүсгэх чадвартай хэчнээн төрлийн ургамал ургадаг вэ?
-Улаанбаатар хотод харшил үүсгэх чадвар бүхий 31 овгийн 76 зүйлийн 120 төрлийн ургамал ургадаг ба тоосжилтын үе нь 4-11 cap хүртэл үргэлжилдэг. Мөн Улаанбаатар хотод амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3% нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосонд, 31.6% нь гэрийн болон агуулахын тоосны хачиг, жоом, хөгцний мөөгөнцөр зэрэг тасалгааны аллергинүүдэд тус тус мэдрэгшсэн болохыг тогтоосон байдаг.
-Харшилтай тэмцэх хамгийн найдвартай арга нь гэвэл?
-Шарилж болон бусад хөл газрын ургамлууд нэг болон хоёр наст ургамлууд байдаг тул үүнтэй тэмцэх аргын үндэс нь үрийн нөөцийг багасгах зорилгоор цэцэглэх, үрлэхээс өмнө нь хадах юм. Ингэвэл харшил болон амьсгалын замын өвчлөл буурна. Айл өрх, албан газрууд шарилж луулийг цэцэглэж үрээ цацахаас нь өмнө тайрч хаях хэрэгтэй. Зарим айл, албан газар шарилжаа устгаад зарим нь ургуулаад байвал тоос нь салхиар дамжин хаа ч хүрч харшил үүсгэж болно.