Э.Цэрэндолгор талийгаач бэрийнхээ талаар худал мэдээлэл цацсаныг Прокурорын байгууллага нотлов
Цэнхэр үст Цэрэн буюу иргэн Э.Цэрэндолгор өнгөрсөн амралтын өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Талийгаач бэр Н.Байгалмаагаа э гэх хүнтэй хамт байж байгаад шатсан. Энэ талаар ЦЕГ-аас худал мэдээлэл өгч, ганцаараа шатаж амиа алдсан гэж ард иргэдийг хуурч байна” гэх тайлбар мэдээллийг хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Э.Цэрэндолгорын дээрх мэдээллийг УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа үгүйсгэлээ. Тэрбээр "Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт монгол гэр шатаж, дотор нь байсан иргэн Н.Байгальмаа нас барсан хэрэг гарсан. Энэ хэрэгт Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна. Прокурор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс эхлэн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Дээрх хэргийн тухайд мөн адил мөрдөн шалгах ажиллагаа нь прокурорын хяналтанд байгаа, мөрдөн шалгах ажиллагаа одоо явагдаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар гэр шатах үед талийгаач нь гэртээ ганцаараа байсан нөхцөл байдал тогтоогдсон" гэлээ.
Эх сурвалж: 24tsag.mn