Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой тохиож байна
“Дэлхийг Монголд-Монголыг Дэлхийд” уриатай Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1921 оны гуравдугаар сарын 19-нд “Монголчуудын бослого” гарчигтай мэдээ хилийн чанадад “МОНТА” гэсэн эх сурвалжтайгаар анх цацагдсанаар МОНЦАМЭ агентлаг байгуулагдах эхлэл тавигдсан. Монголчууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, боссон тухай өгүүлэх энэхүү товч мэдээ МОНЦАМЭ агентлагийн төдийгүй манай орны гадаадад мэдээлсэн анхны хэвлэлийн мэдээ болж, тухайн сарынхаа 30-нд ЗХУ-ын “Правда” сонины №68-д хэвлэгдсэн түүхтэй.
Улмаар 1921 оны долоодугаар сарын 19-нд Засгийн газрын зургаадугаар хурлаар Дотоод хэргийн яамны харьяанд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г албан ёсоор байгуулсан нь өнөөгийн МОНЦАМЭ агентлаг төдийгүй, Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт шинэ хуудас болсон юм. Энэ үеэс хойш МОНЦАМЭ агентлаг Монголыг олон улсад сурталчлах үүргээ нэг зууны турш амжилттай биелүүлжээ.
Өнөөдрийн байдлаар, Орос, Хятад, Япон, Англи хэлээр болон Босоо монгол бичгээрээ долоо хоног тутмын сонин гаргаж, өдөр тутам тогтвортой ажиллах мэдээллийн “www.montsame.mn” цахим хуудсыг ажиллуулж байна. Мөн улирал тутмын “Mongolia Today” сэтгүүлийг эрхлэн гаргахаас гадна англи, орос хэлээр ” МОНЦАМЭ Daily news”, “МОНЦАМЭ новости” товхимолоо уншигчдын гарт хүргэж байна.
МОНЦАМЭ агентлаг 21 аймаг болон Москва, Бээжин хотод байнгын сурвалжлагч томилж, улс орноо гадаадад таниулан үнэн бодит мэдээ мэдээллээр хангах үүргээ нэр төртэй биелүүлж байна. Тус байгууллага Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн төв ОАНА-ын гишүүнээр элсэж, бусад агентлагуудтай тогтмол мэдээлэл солилцдог. Тухайлбал, ОХУ-ын ТАСС, Риа-Новости, Их Британийн Ройтерс, БНХАУ-ын Синьхуа, БНСУ-ын ЁНАП, БНТУ-ын Анадолу, Казахстан улсын Казинформ зэрэг агентлагийг нэрлэж болох юм. Манай агентлаг тэдгээр мэдээллийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан мэдээллээ үнэ төлбөргүй солилцон улс орноо гадаадад сурталчлахаас гадна, жил бүр сэтгүүлч, техникийн ажилтнуудаа харилцан солилцож, туршлага судлаж байна. Мөн Монгол Улсад болж буй үйл явдлын тухай мэдээ мэдээллийг өдөр тутам ОАНА-ын мэдээллийн нэгдсэн сан www.oananews.org цахим хуудсанд нийлүүлж байна.
МОНЦАМЭ