Хүн хэмээгдэгч (бидний өөрсөддөө оноож өгсөн нэр) амьтан төрөөд, өсөж, өндийгөөд (хөлд ороод, хэлд ороод), нас бие гүйцээд, үржиж өссөөр яг зуун насан дээрээ үхдэг бол (энэ хооронд ер өвчилдөггүй бол) анагаах ухаан гэх шинжлэх ухаан, мэдлэгийн салбар үүсэхгүй, хөгжихгүй байсан биз дээ. Гэвч амьдрал дээр тийм бишийн учир улс үндэстэн нэг бүрд энэ талын (анагаах) мэдлэг үүсэж, хуримтлагдаж, хөгжиж, эдүгээ гэхэд л хүний биеийг тээврийн хэрэгсэл-машин лугаа адил задлах, сэлбэх, солих, эмчлэх, анагаах болжээ.
Дэлхий дахиныг бүхлээр нь авч үзээд Өрнийн анагаахуй ухаан ба Дорнын анагаахуй ухаан хэмээн ангилах, ярих болов. Ингэж хуваах, ангилах шалтгаан байгаа нь ч үнэн юм. Ерөнхийлж ярих аваас Өрнийн анагаах ухааны эмч нар өвчтөнөөс чухам юу биенд нь орж өвчлүүлсэн болохыг мэдэх гэж хичээдэг. Тэгээд тэр өвчин үүсгэгчийг чухам ямар эмээр устгаж болохыг тогтоож “хорыг хороор” эмчилж эхэлдэг. Эмчилгээнд хэрэглэгдэж байгаа хор нь өвчин үүсгэгчийг устгахын зэрэгцээ өвчилсөн хүний биенд аль нэгэн хэмжээний хорлол мөн хүргэдэг. Харин Дорнын анагаах ухааны оточ нар бол тухайн хүний бие, эрхтэн юуны учир уг өвчин үүсгэгчийг устгаж чадахгүй өвчилсөн байна вэ гэх байр сууринаас ихэвчлэн асуудалд хандаж, өвчилсөн хүний өвчин эсэргүүцэх чадавхийг сэргээхэд хэрэгтэй эм, бэлдмэлийг өвчтөнд өгч эхэлдэг. Дорнынхны эм тан нь ихэнхдээ ургамал, амьтан, элдэв минерал байдаг. Дорнын оточ нарын дээдэлдэг зарчим нь “Өвчтөн хүний идэж буй хүнс нь эм болж байх ёстой. Мөн хэрэглэж буй эм тан нь анагаах чадавхтай хүнс байх ёстой” гэх үзэл санаа юм.
Өрнө ба Дорнын анагаахуй ухаан XX зууны эцэс, XXI зууны эхэн гэхэд урд өмнөхөөсөө илүү их ойртон нягтрах боллоо. Энэ нь ч сайн үр дагавар өгч байна. Өвчин, эмгэг, эрэндэгтэй “хоёр морины хүчээр” тэмцэх нь мэдээжээр сайн байлгүй яахав...
Өрнө дахины анагаах ухааны ололт, амжилт нь Микробиологи гэх шинжлэх ухааны хөгжлөөс маш том хамааралтай байдаг нь нууц биш. Байгалийн шинжлэх ухааны салбаруудын хөгжих хэрээр л өрнө дахины анагаах ухаан хөгжиж хүчирхэгжжээ. Цаашид ч энэ барилдлага хэвээр үргэлжлэх болно.
Өнгөрсөн түүхээс (3000 жилийн) харахад Өрнийн болон Дорнын анагаахуй ухааныг олон дахин өвдөг шороодуулж ирсэн нэгэн биет буй. Эхэндээ тэр биетийг бактерууд гэж үзэж байв. Хожуухан нь өөр нэгэн биет нэмэгдсэн нь вирусууд юм. Анхнаасаа энэ хоёр биет хоёулаа л байсан. Таньж мэдсэн дарааллаар нь л ингэж нэрлэж, ангилж үзэх болжээ.
XIX зууны эцэс гэхэд хүн төрөлхтөн бактеруудыг нэлээн сайн таньж мэдсэн байв. XX зууны дунд үед антибиотикуудыг эмчилгээнд хэрэглэснээр өвчин үүсгэгч бактерууд “цар тахал” гэгдтэлээ дэгдэж олон хүний амийг хөнөөхөө больсон байна. Гэвч вирусуудын хувьд тийм биш байв. Зөвхөн цагаан цэцгийн цар тахлаар гэхэд Европод XV-XIX зууны эхэн хүртэл зуун болгонд 500 хүртэл сая хүн амь үрэгдэж байжээ. Мөнхүү тахлаар XVI зууны эхээр Америк тивийн уугуул иргэдийн 90 хувь илүү нь нас баржээ. Хүн төрөлхтөн их хожуу (XIX зууны эцэс XX зууны эхээр) вирусуудыг таньж, судалж, хор хөнөөлтэй нь тэмцэж эхэлсэн байна. Гэвч вирус судлал дөнгөж л эхлэлийн байдалтай байгаа гэж хэлж болохоор буй нь үнэн юм. Үүнд олон шалтгаан бий. Энэ талаар доор нэлээн дэлгэрэнгүй өгүүлэх болно.
Вирус бол маш жижиг биет. Нэг дусал усанд 200 сая гаруй вирус агуулагдах бололцоотой. Эв эрүүл хүний уушигт ч гэсэн 200 шахам зүйлийн вирус байдаг нь нотлогджээ. Тэдгээрийн ихэнхийг нь таньж мэдэж чадаагүй байна. Вирус нь олон арван метрийн газрын гүнд, говь цөлийн элсэнд, урд хойд туйлын мөсөнд, атомын цахилгаан станцуудын хөргөлтөнд хэрэглэгддэг усанд, сансрын уудамд, мөн буцалж буй усанд ч байдаг, олддог биет юм. Судлаачид ердийн жижиг вирусаас 100 дахин том вирусыг мөн олсон байна.
Вирус нь амьд биет үү, амьгүй бодис уу, эсвээс энэ хоёрын завсрын биет үү гэсэн маргаан удтал үргэлжилжээ. Вирус нь дан ганцаараа бол яг л амьгүй бодис, харин амьтны эсэд орохоороо үржиж эхэлдэг биет. Орчинтойгоо бодисын солилцоо хийх замаар амьдрах, өсөж үржих чадвар вируст байхгүй. Вирус нь хэдийгээр уураг ба нуклейн хүчлээс бүтэх боловч ихэнх нь цөөхөн хэдхэн гентэй, амьд амьтанд байх ёстой чухал генүүд вируст байхгүй.
Вирусыг ургамлын үртэй адилтган үзэж болох юм. Ургамлын үр нь дангаараа бол амьгүй биет. Харин үржил шимтэй, чийгтэй хөрсөнд булагдваас соёолж ургаж, өсөж цэцэглэж, үр жимсээ өгдөг. Энэчлэн амьтны эсэд орохлоороо вирус удамшлын материалаа эсийн тусламжаар хувилан олшруулж, уургуудаа нийлэгжүүлээд үржиж олон болох ба амьтны эсийг үхүүлж хөнөөж эхэлдэг. Ингэж уг амьтан өвчилдөг байна.
Судлаачдын хожуу нээсэн том вирусууд харин 1000 гаруй тооны гентэй, бактертай төсөөтэй, бусад вирусаар ч өвчилдөг-хөнөөгддөг болох нь тогтоогджээ. 30 мянган жилийн туршид оршин байсан мөснөөс (Сибирийн) олдсон том вирус 1,5 микрометрийн голчтой байсан нь одоогоор хамгийн том вирус гэгдэж байна.
Вирус болон бактерийн аль аль нь манай дэлхий, манай галактик үүсэх үед хоёулаа л анхнаасаа оршин байсан болов уу. Манай галактикийг үүсгэсэн Хар нүх орчноо залгин залгисаар дэлбэрэх мөчид бактери, вирус мэт нь хар нүхний амсрын гадна байснаас усталгүй үлдсэн байж ч болох юм. Тэдний ихэнх нь бараг л ямар ч орчинд, бүр хүчтэй цацраг туяаны орчинд хүртэл оршин байх чадавхтай билээ. Хувьслын явцад вирус нь амьд биетүүдийг элдвээр өөрчилж, өөрөө ч бас хувьсаж, эсийн түвшинд голлох өөрчлөн байгуулагч болсоор 4-6 тэрбум жилийг үдсэн байж ч болох ажээ. Ийм тохиолдолд тэрээр идэвхтэй өөрчлөн байгуулагч, амьгүй ба амьтай биетүүдийн завсрын, шилжилтийн гинж, амьдрал үүсгэгч үр, шинийг бүтээгч, байсныг хөнөөгч биет гэгдэх болно.
Ургамлууд фотосинтезийн аргаар хүчилтөрөгч ялгаруулдаг бол зарим бактери ба вирус нь далайн усанд оршин байхдаа усыг задалж хүчилтөрөгч ялгаруулдаг болохыг судлаачид нотолжээ. Амьд байгалийн үүсэл, хувьсалд бактери, вирусын гүйцэтгэсэн ба гүйцэтгэсээр байдаг үүрэг нэн их болох нь улам л гүнзгийрэн танигдсаар байна.
Бактери, вирус нь уг гарлаараа манай дэлхийнх биш, бүр манай галактикийнх ч биш байж болох юм. Атом, молекул, вирус мэт нь материаллаг ертөнцийн мөнхийн бүрэлдэхүүн хэсэг, анхдагч нэгж, үүссэн ч цаг, цэггүй бас устах ч цаг, цэггүй, нэгж, өвөрмөц субстанц байж болох юм. Амьд байгалийн “юмны эзэн сумны занги” нь, үүсгэгч бас устгагч нь вирус байвал яахав?
Олон сая жилийн дотор амьтны эсийг бүтээж, дараа нь эсүүдийг өөрчлөн өөрчилсөөр амьтны зүйлүүдийг бүтээсэн “гол буруутан” нь вирусууд байвал яахав?
Энэчлэн вирусын талаар олон таамаглал дэвшүүлж, онолдож, философи сэтгэлгээний түвшинд бясалгаж, бас элдэв туршилтууд ч хийж болох билээ. Амьд оршихуйн зохион байгуулалтын анхдагч хэлбэрүүд болохынхоо хувьд цөөхөн гентэй жижиг вирус, олон гентэй аварга вирус, бактериуд, нэг эст бүдүүлэг амьтад мэт нь манай дэлхий дээрх хувьслын шаталсан хэлбэрүүд байж ч болох юм. Цувж үүсээд эдүгээ зэрэгцэн оршиж, харилцан үйлчлэлцэж байж ч болно доо?
Вирус нь ургамлын үртэй адилаар ургамал болон амьтны эс дотор ургаж, өсөж олширдог. Ердийн ургамлын үр хөрс шороонд ус ба нарны дулааны ачаар ургадаг бол вирусын хувьд хөрс шороо нь ургамал, амьтны эс юм. Ургамал, амьтны эсээс өөр орчинд вирус өсөж олширдоггүй. Газрын хөрсөнд, бүр олон арван метрийн гүнд, мөсөнд, халуун рашаанд, сансар хорвоогийн бусад эрхэст ч вирус цаг хугацаагүй хадгалагдсаар байдаг. Ингэхлээр вирус бол өрөвмөц үр ч мөн, бас өвөрмөц “ургамал” ч мөн юм. Үр нь өөрөө болдог ургамал гэсэн үг...
Вирус бол нэгэн зүйл ургамал (мөөгний адил), бас тэр ургамлын үр, амьтны эсийн дотор ургаж өсдөг, тэгснээрээ амьтны эсийг устгадаг биет юм. Вируст үр ба ургамал хоёр нэг л биет болж оршдог онцлог буй. Ургамал болон амьтны эсийн дотор өөрийгөө хувилан олшруулах чадавхтай биет, амьтай болон амьгүй материйн хоорондох завсрын биет, шилжилтийн биет, эсийг ашиглаж өөрөө олшроод, уг эсийг устгах үйлдэлтэй биет бол вирус юм. Ийм үйлдлийн явцдаа вирус өөрөө хувьсаж, элдэв төрөл, зүйл болон өөрчлөгдөж, өөрийнх нь эсрэг нөлөөнд дасан зохицож оршдоо мөнхөлсөөр байдаг бололтой. Амьтад болон ургамал нь бактери болон вирусын халдлагад мөнхөд өртөж байхын тавилан, жамтай ажээ. Чухам иймээс Өрнө, Дорнын анагаах ухаан бактери, вирустай хийх тэмцлээ мөнхөд үргэлжлүүлэхээс өөр аргагүй юм. Харин тэдний тэмцлийн зэвсэг, арга, хэлбэр нь түүхэн урт хугацаанд өөр өөрөөр боловсрогдож, өөр өөр материалаар хийгдэж, өөр өөр технологиор хэрэгжиж иржээ.
Бактери, вирусын үржлийг зогсоох, устгах гадаад хүчин зүйл гэж байхад мөн тэдэнтэй тэмцэх, ялах дотоод хүчин зүйл гэж байнаа. Алийг нь сонгож хэрэглэх, түлхүү хэрэглэх, нас, биенд тохируулж хэрэглэх, юуг юутай хослуулж хэрэглэх, өвчтөний сэтгэлзүйн эрчмийг хэрхэн ашиглах зэрэг ухаан, урлаг цааш цаашдаа улам л нарийсан хэрэгжих биз ээ.
Хүний биеийн эсээс хэдэн зуу дахин жижиг вирусуудын эсрэг аян дайнд тухай бүрд нь л ялж эс чадваас хүмүүс бидний ирээдүй бүрхэг, бүүдгэр, бүр харанхуй болох ч нигууртай.
Вирусын “амьдрал, үйл ажиллагаа” бол ер бусын хачин зүйл ч бас биш юм. Яах ч аргагүй л өөрт нь тохирсон үйл явц. Вирус нэн жижиг, шүд, соёогүй болохоор идэш тэжээл болж чадах эсийн дотор орж ажиллахаас биш яахав. Том амьтанд ам, араа шүд, хоол боловсруулах эрхтэн буй болохоор хүнс тэжээлээ огт өөр аргаар авч хэрэглэдэг. Удамшлын материалаа ч огт өөр аргаар удам судартаа шилжүүлдэг. Тэгвэл вирус ургамал, амьтны эсэд нэвтрэн ороод удамшлын материалаа олшруулж, хэрэгтэй уургуудыг нийлэгжүүлж, эцэст нь тэднээ угсарч олон болж үрждэг. Олширсон хойноо эсийн бүрхүүлийг эвдэлж гараад бусад эсүүд рүү шилжиж өмнөхөө давтдаг. Ашиглагдсан эсүүд үхэж, энэнээс болоод ургамал, амьтан өвчилж үхдэг. Вирусууд элэгний эсүүдийг хөнөөсөн бол хүн хортой зүйлүүдийг биеэсээ зайлуулж чадахаа болиод гүн хордлогонд орж нас бардаг. Хэрэв вирусууд хүний уушгийг сүйтгэсэн бол хүн амьсгалын дутагдлаар өөд болдог.
Ургамал, амьтан үхэж үрэгдэхэд вирусууд идэвхгүй төлөв байдалд орж хадгалагддаг. Магадгүй тэд мөнх насалдаг ч байж болох юм. Ямар боловч наад зах нь хэдэн арван мянга, хэдэн зуун мянган жилийн өмнөх ургамал, амьтны үлдэгдлээс вирус олсон нь үнэн юм. Нэн жижиг биетийн амьдрах, орших, үржих аргын нууцуудыг эцэслэн таних үед онцгой сонин зүйлүүд ч нээгдэх бизээ.
Амьд биетийн өөрийгөө хадгалах, маш урт хугацаанд өөрийгөө хадгалах, ичиж, хөлдөж, усаа биенээсээ зайлуулаад борцлогдон хадгалагдах гэх мэтийн шинжүүдийг судлах, ашиглах нь амьдрал, практикт хэрэгтэй. Энэ талын ажил, үйлс орхигдсоор, хэрэггүй мэт үзэгдсээр байгаа нь буруу юм.
Алив бүхэн мөнх биш боловч мөнхөд тооцогдож болохоор бие бүтэц бас байж болохоор билээ. Бидний оршин байх нас, бие богино, бага болохоор 5-8 тэрбум жил ч гэсэн мөнхөд л тооцогдож болох шүү дээ. Ингэж харьцангуйн үүднээс асуудалд хандах нь буруу биш. Жишээ нь вирус, хадны хаг, ногоон замаг мэт нь манай галактик, манай дэлхий үүсэхээс аль өмнө хаа нэгтэй байж байсан ч байж болох юм.Тэд бидний хувьд мөнх байж, мөнхөд хувьсаж ирсэн болж л үзэгдэх шүү дээ...
Элдэв төрлийн вируст хөнөөгдөх аюулаас хүн төрөлхтөнг зөвхөн шинжлэх ухаан л аварч чадна. Тухайн дүрсийн вирусаар өвчлөхөөс урьдчилан сэргийлэх вакцин, нэгэнт өвчилсөн бол найдвартай эмчилж чадах эм, бэлдмэл л чухал. Энэ хоёрыг л буй болгож чадахгүй бол дэлхийн том шашны “амьд бурхдууд” ч гэсэн хамгийн жижиг амьдлаг бие болох вируст дийлдэж нүд аних аюултай. Энэ бол түүхээр нотлогдчихсон үнэн юм шүү!
Амьгүй болон амьд байгалийн хязгааргүй олон гинжин хэлхээний нэгэн хэсэг болохынхоо хувьд вирусууд нь оршин байх эрхтэй, бас ч өөрт нь оноосон үүрэгтэй. Ингэхлээр хүмүүс бид тэдний ихэнхтэй зохицон амьдрахаас өөр аргагүй. Энэхүү зохицол урсгалаар, байгалийнхаа жамаар буй болсоор иржээ. Харин дэлхий дээр хүмүүсийн тоо хэтэрхий олон болсон нь хүмүүсээс хол, хөндий байсан олон вирусыг бидний бие, эд эсэд нэвтрэн орох үүд хаалгыг нээжээ.
Амьтан болон ургамлын бие, эд эсэд нэвтрэн ороод богино хугацаанд хэдэн зуун сая болон үржиж эд эсийг хөнөөдөг вирусууд цар тахал болон тарах аюултай. Амьтан ба ургамлын тоо цөөрөх хэрээр, бас хүний тоо хэтэрхий олон болох хэрээр вирус, бактериуд (ер нь амьд бичил биетүүд) хүмүүс рүү шилжин ирэх нь гарцаагүй юм. Амьтан ба ургамлын биед нэвтэрч байж амьдардаг, үрждэг тэдэнд өөр арга, зам үлдэхгүй шүү дээ Энэ байдлыг хүмүүс бид л таних, тооцох, зохицуулах ёстой. Хоргүйг нь үлдээж, нэн их хортойг нь устгаж, бага хортойгийнх нь тоо, хэмжээг хянаж, хүний бие, эрхтэнд шилжин орох арга замыг нь хааж, тэднээс зайгаа барьж сурах учиртай.
Сансар хорвоогоос жил бүр л дэлхий дээр бууж ирдэг хэдэн мянган тонн тоос, тоосонцроос ч шинэ шинэ вирусууд олдож ч бас болно. Ингэхлээр хүмүүсийн амьдрал вирусаас мөнхөд хамаарах нигууртай ажээ. Бидний мэдэх вирусууд ч элдвээр өөрчлөгдөж, бүр анхны төрөлх шинжээ гээгээд огт өөр вирус болж өөрчлөгдөж ч болно. Бичил амьд биетэн ямар ч нөхцөл, орчинд амьдрах чадвартаа дулдуйдан мөнхөд байсан ч байж болно. Наад зах нь л манай галактик үүсэхээс өмнө тэд байж л байжээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав