Европт үерийн дараах цэвэрлэгээний ажил эхэлжээ
БЕРЛИН. /BBC/. Герман, Бельгийн үерийн гамшигт нэрвэгдсэн бүсийн оршин суугчид үерийн ус багасаж эхэлсэнтэй холбоотойгоор орчин тойрноо цэвэрлэх ажлыг эхлүүлжээ.
Аврах багийнхан сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээллээр, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүний тоо 170-д хүрээд байгаа бөгөөд цаашид нэмэгдэж болзошгүй байна.
Мөн үерийн улмаас далангууд элэгдсэн байж болзошгүйд олон нийт ихээхэн санаа зовниж байна. Шинжээчдийн мэдээлснээр, Германы баруун өмнөд нутгийн Бонн хот дахь “Steinbachtal” далангийн томоохон хэсгүүд эвдэрсэн тул бат бөх байдал нь алдагджээ.
Иймээс урсгал дагуу хэсэгт амьдардаг оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд цаашид илүү олон хүнд нүүх зөвлөмж хүргүүлж магадгүй байна. Түүнчлэн Хойд Рейн-Вестфалиа мужийн Хейнсберг дүүрэг дэх өөр нэгэн далангийн ойр орчимд амьдардаг олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.
Үүнээс гадна Германы нэртэй улстөрч үерт нэрвэгдсэн бүсэд очих үеэрээ инээсэн явдал нь олны шүүмжлэлийг дагуулжээ. Тодруулбал, Канцлер Ангела Меркелийн халааг авахаар өрсөлдөж буй нэр дэвшигчдийн нэг болох Армин Лашет Ерөнхийлөгч Франк-Уолтер Штайнмайерыг амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байх үеэр хамтран зүтгэгсэдтэйгээ хошигнож буй нь камерын дуранд өртсөн байна.
Германд үеийн улмаас 143 хүн амиа алдсаны дунд дөрвөн гал сөнөөгч байжээ. Тус улсын Хойд Рейн-Вестфалиа, Рейнланд-Пфальц, Саар мужууд байгалийн гамшигт хамгийн их нэрвэгджээ. Бельгид сүүлийн мэдээллээр 27 хүн амиа алдсан бөгөөд армийн алба хаагчдыг 10 мужийн дөрөв рүү нь илгээжээ. Мөн Бельгийн Ерөнхий сайд Александр Де Кроо долоодугаар сарын 20-ныг үндэсний гашуудлын өдөр болгон зарласан байна.
Эх сурвалж: Монцамэ