Хуульч О.Мөнхсайхан: Энэ бол Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан ялгаварлан гадуурхах гэмт хэрэг
Иргэн Осоржамаагийн биед ноцтой халдсан зураг бүхий мэдээлэл цахим орчинд түгээд буй. Тэрээр өөрийн төрсөн нутаг Төв аймаг руу очиход нутгийн иргэн зодсон гэх мэдээлэл байгаа юм.
Энэ асуудалд хуулийн ямар гаргалгаа байгаа тухай хуульч О.Мөнхсайхан тайлбар хийжээ. Тэрээр "Энэ үнэн бол Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан ялгаварлан гадуурхах гэмт хэрэг мөн шиг харагдах юм. Цагдаа энийг сайн шалгаж тогтоож байгаа болов уу?
Өмнө нь, Босоо хөхийнхөн зэрэг этгээдүүд ийм балмад авирлаад ял шийтгэлгүй өнгөрдөг байсан бол 2015 оноос гэмт хэрэг болж 2017 оноос хэрэгжиж байна. Эрүүгийн хууль (2015)-ийн 14.1 дүгээр зүйлд "Ялгаварлан гадуурхах" гэмт хэргийг дараах байдлаар заасан:
"1.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.бүлэглэж;
2.2.хүч хэрэглэж;
2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
Ялгаварлан гадуурхалтын ноцтой хэлбэрийг гэмт хэрэгт тооцсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэж хамгаалсныг хэрэгжүүлэх чухал алхам болсон юм. Гэвч, энэ гэмт хэргийн шинжтэй зүйлс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр их харагддаг ч ял шийтгүүлсэн гэж сонсоогүй л байна. Ийм үйлдэл бүрийг шалгаж, тогтоогдвол зохих шийтгэл хүлээлгэж, боломжтой бол энэ талаараа нийтэд мэдээлж байхгүй бол ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөнд нь халдсан балмад явдал буурахгүй нь ээ.