“Чингис хаан” одонт, хүннү рок урсгалаар уран бүтээл туурвидаг “Хү” хамтлагийнхан ирэх есдүгээр сараас аялан тоглолтоо үргэлжлүүлэх болсноо зарлалаа. Тодруулбал, тэд Хойд Америк болон Канад улсын нийт 32 муж, хотод хоёр сарын турш аялан тоглох аж. “Хү”-гийнхэн өнгөрсөн онд домогт “Metallica” хамтлагийн 1993 онд бүтээсэн “Sad but true” дууг хүннү рок хэв маягаар шинэчлэн сонсогчдод хүргэсэн нь олны сонирхлыг татсан.
Тэд энэхүү дууны анхны хувилбарыг гажуудуулсан зүйлгүй ч монгол хэлээр, үндэсний хөгжим, хөөмийг хослуулан дуулж тоглосон юм. Түүнчлэн “Хү” хамтлагийнхан “The Metallica blacklist” төслийн хүрээнд гаргах “Black album”-д багтах “Through the never” дууг мөн хүннү рок хувилбараар шинэчлэн гаргахаар болжээ. Дээр дурдсан “The Metallica blacklist” төсөлд дуучин Элтон Жон, Майли Сариус, Фиби Брижс, “Хү” хамтлаг тэргүүтэй уран бүтээлчид оролцож, “Metallica” хамтлагийн “All within my hands” сангийн хандивын үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийг цуглуулах аж. Ташрамд дурдахад, “Хү” хамтлагийн “Юу вэ, юу вэ, юу” дуу нь “Биллборд”-ын жагсаалтын рок дууны ангилалд борлуулалтаараа долдугаар байрт жагссан. Мөн анхны “Гэрэг” цомог нь худалдаанд гаргаснаас хагас сарын дотор борлуулалтаараа тус жагсаалтыг тэргүүлж байв.