Кубад иргэд засгийн газраа эсэргүүцэн жагсчээ
Куба даяар мянга мянган иргэд засгийн газраа эсэргүүцэн жагсчээ. Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд болон сөрөг хүчнийхний мэдээлж байгаагаар жагсаалын үеэр цагдаа нар хэдэн арван иргэдийг баривчилсан байна. Жагсаалын үеэр иргэд эдийн засгийн хямрал, хүнс болон эмийн хомсдол, үнийн өсөлт болон эрх баригчдын коронавирусын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ зэргийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, "дарангуйллыг үгүй хийе" хэмээн орилж байжээ.
Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар жагсагчдыг энгийн хувцас өмссөн цагдаа нар баривчилж байсан ба нийгмийн сүлжээгээр тархсан зураг болон бичлэгүүд дээрээс цагдаа нар жагсагчдыг зодож, жагсагчид руу перец цацаж, хүч хэрэглэн баривчилж байгааг харж болох юм.
Нөгөө талаас жагсагчид цагдаагийн машинуудыг эвдлэн, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг гадаадын валютаар зардаг төрийн өмчит дэлгүүрүүдийг ухаж, тонож байгаа бичлэгүүд нийгмийн сүлжээгээр тараад байна. Түүнээс гадна жагсаалын үеэр Куб даяар интернет сүлжээ тасарчээ.
Эсэргүүцлийн жагсаал цуглаан болж байгаатай холбоотойгоор Кубын Ерөнхийлөгч Мигель Диаз Канел зурагтаар үг хэлсэн ба тэрээр улсад нь үүссэн нөхцөл байдалд АНУ буруутай хэмээн мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар 1962 оноос хойш АНУ-ын Кубын эсрэг тавьсан төрөл бүрийн хориг арга хэмжээнүүд нь Куб улсын "эдийн засгийг шахаж, боох" бодлого байсан аж. Тэрээр жагсч буй иргэд нь АНУ-ын санхүүжилтээр Куб улсын тогтвортой байдлыг алдагдуулах зорилготой жагсаж байгаа хэмээн өөрийн дэмжигчдээ гарч, жагсагчдын эсрэг тэмцэхийг уриалжээ.
АНУ-ын зүгээс Кубын иргэдийг дэмжиж буйгаа илэрхийлэн, Кубын эрх баригчдыг хүч хэрэглэхээс зайлсхийж, иргэдийнхээ санаа бодлыг сонсохыг хүссэн байна. Кубын эдийн засгийн гол хөшүүрэг болох аялал жуулчлалын салбар нь коронавирусын цар тахлын улмаас хямралд орсон ба экспортын гол бүтээгдэхүүн болох элсэн чихрийн ургац хураалт маш муу байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Кубын элсэн чихрийн гол үйлдвэрлэгч Азкуба нь элсэн чихрийн ургац муу байгаад түлшний хомсдол, тоног төхөөрөмжний эвдрэл гэмтэл болон байгалийн хүчин зүйлс нөлөөлсөн хэмээн мэдэгджээ.
Эдийн засгийн хямралын улмаас Кубын гадаадын валютын нөөц буурч, хомсдолд ороод бараа бүтээгдэхүүнүүдээ импортоор авах боломжгүй болжээ.
Эх сурвалж: bbc