Бид хэдийд хүчээ сэлбэдэг вэ?
Сэтгэл судлаач Юлия Минакова, хүмүүс ижил төстэй нөхцөл байдалд яагаад өөр өөр реакц гаргадгийг сонирхож үзсэн байна. Та бид зарим нөхцөл байдлыг хүндээр тусган авч, заримыг нь бодитоор харж тайвнаар хүлээн авдаг нь ямар учиртай юм бол?
Энэ асуултанд хариулахаар Юлия, хүмүүсийн гаргадаг нийтлэг зан үйл хийгээд эмоцийг нилээдгүй хугацааны туршид ажиглан, анализ хийсний эцэст дараахь дүгнэлтэнд хүрсэн байна. Ингээд...
Бид хэдийд энергиэ алддаг вэ:
- бусдад “үгүй” гэж хэлмээр байсан ч ямар нэгэн шалтгааны улмаас "тийм” эсвэл “за” гэх үед;
- уйлмаар байсан ч хүчээр инээх үед;
- удаан хугацаанд амралтгүй явах үед;
- таагүй нөхцөл байдлын талаар дорвитой алхам хийхийн оронд “Жаахан л тэвччих, удахгүй бүх юм зүгээр болно” гэх зэргээр сэтгэлээ хуурах үед;
- бусдад юу хүсч байгаагаа шуудхан хэлэхийн оронд дуугаа хурааж, тэдэнд гомдох үед;
- сонирхолгүй эсвэл уйтгартай хүмүүстэй удаан харилцах үед;
- байнга сөрөг зүйлийн талаар ярьдаг хүмүүсийн дунд байх үед;
- улс төр, СӨХ-ийн төлбөр, замын түгжрээ зэрэг сэдвээр ярих үед;
- бусдын амьдралыг хэлэлцэн, түүндээ сэтгэл хөдлөх үед;
- сонирхолгүй ажил дээр удаан байх үед;
- байнга айдас дунд амьдрах үед;
- хэн нэгэн (өвлийн өвгөн эсвэл цагаан морь хөлөглөсөн ханхүү г.м.) гарч ирээд амьдрал өөрчлөгдөхийг хүлээж суух үед;
- өөрийгөө зэмлэх, “арчаагүй, сул дорой, золгүй амьтан” гэх зэргээр зүхэж хараах үед.
Бид хэдийд хүч сэлбэдэг вэ:
- шинэ хүмүүстэй танилцах үед;
- шинэ зүйлийн талаар олж мэдэх үед;
- аялж явах үед;
- айдас хүйдсээ даван гарах үед;
- ямар нэгэн шинэлэг зүйлийг туршиж үзэх үед;
- агаар салхинд юу ч бодохгүйгээр алхаж зугаалах үед;
- бүтээл туурвих үед;
- эерэг, өөдрөг хүмүүстэй харилцах үед;
- биднийг дэмждэг, бидэнд итгэдэг хүмүүстэй хамт байх үед;
- биеэ тордох (саунд суух, бассейнд орох, массаж хийлгэх г.м.) үед;
- хуучирж муудсан эд хогшлоо нэг тийш нь болгож, орон гэрээ чөлөөлөх үед (дөнгөж засвар хийсний дараа ямар сайхан байдаг билээ?);
- дотоод сэтгэлээ чөлөөлөх үед (хэн нэгнийг сэтгэлээсээ уучилсны дараа дотор онгойгоод ямар сайхан болдог билээ?);
- бусдад “үгүй” гэмээр байгаа үедээ “үгүй”, харин “тийм/за” гэмээр байгаа үедээ “тийм/за” гэх үед;
- зүрхээ чагнаж, хэлсээр нь хийж эхлэх үед.
Орчуулсан: Өлзийбатын Уянга