Ахмад тамирчин Б.Болдбаатар 1250 км замыг туулж, маргааш Сүхбаатарын талбайд барианд орно
Орон даяар өрнөж байгаа “Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аяны гүйлтийн үйл ажиллагааг дэмжин хөнгөн атлетикийн ахмад тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар “Говь-Алтай-Завхан-Архангай-Улаанбаатар” чиглэлийн 1250 км замыг туулахаар энэ сарын 15-нд Жанчив баатрын талбайгаас замдаа гарсан билээ.
Б.Болдбаатар 15 хоногийн хугацаанд Ганцын даваа, Загастайн даваа, Солонготын даваа, Цагаан давааг туулан Архангай аймгийг дайран долдугаар сарын 8-ны өдрийн байдлаар 1185 км туулж Төв аймгийн Баянцогт суманд хүрсэн байна. Тэрээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт 42-50 км зам туулж байгаа бөгөөд ийнхүү гүйсээр энэ сарын.11-ний 11-12 цагт Сүхбаатарын талбайд бариандаа орох ажээ.
Эх сурвалж: Өдрийн сонин