В.Путин, Ж.Байден нар утсаар ярьжээ
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт утсаар ярьсан тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэв.
Орос, Америкийн дээд хэмжээний уулзалтын дараа талууд Сирид хил дамнасан хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хугацааг сунгах НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг санал нэгтэй дэмжсэнийг хоёр улсын удирдагчид өндрөөр үнэлжээ.
Утсаар ярих үеэрээ Ж.Байден мөн АНУ болон бусад улсад кибер халдлага үйлдэж байсан Оросод байрладаг гэмт хэргийн бүлэг вирусний программ ашиглан дахин халдлага үйлдсээр байгаа талаар В.Путинтэй хэлэлцсэнийг Цагаан ордны хэвлэлийн алба цохон тэмдэглэсэн байна.
Кибер орон зайд үйл ажиллагаагаа явуулж буй гэмт хэргийн элементүүдэд арга хэмжээ авахыг Ерөнхийлөгч Ж.Байден ОХУ-д уриалаад, вирусний программтай холбоотой аюулыг сөрөн зогсоход цаашид хамтран ажиллах чиг шугамыг баримтлахаа мэдэгдсэн байна. Түүнчлэн ард иргэд, дэд бүтцээ кибер халдлагаас хамгаалахын тулд АНУ шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгийг хэлжээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псакигийн мэдэгдсэнээр, талууд нэг цаг орчим утсаар ярьжээ.