Эмч нар: Цалин нэмсэн гэж ташаа мэдээлж байна, илүү цаг, амралтын мөнгөө ч авч чадахгүй байна
Сүхбаатарын талбайд суулт зарлаж буй эмч нар өглөө Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буй талаараа мэдээлж байна.
Эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл "Цалингаа хоёр дахин нэмүүлэх шаардлага хүргүүлж, шаардлагынхаа хариуг нэхэж 11 дэх өдрөө Төв талбайд суулт хийж байна. Гэвч төр засгийн зүгээс аргацаасан, нэмсэн мэт буруу ташаа мэдээлэл гаргасаар байна. Бид Ерөнхийлөгчид шаардлагаа удаа дараа өгсөн боловч хүрсэн эсэх нь мэдэгдэхгүй байна. Тиймээс бид өнөөдөр Ерөнхийлөгчийг өөрийн биеэр бидний шаардлагыг авахыг хүсэж байна. Талбай дээр сууж байгаа эмч нар ажлаа тараад ээлжээр сууж байна. Өглөө ээлжээс буугаад, орой мөн ээлжээс буугаад талбай дээр ирж, суулт хийж байна. Бид ажлаа тасалдуулаагүй. Бид өнөөдрийг хүртэл нар, салхи, бороонд сууж байна. Гэтэл төрийн зүгээс биднийг хуурч, хариу өгнө хэмээн хүлээлгэж, бөмбөг шиг өшиглөж байна. ҮАБЗ даруй хуралдаж, бидний хүсэлтийг хүлээн аваач гэж хүсмээр байна" гэлээ.
Цалин нэмсэн гэх мэдээллийг нийгэмд өгч байгаа хэдий ч энэ нь худал болохыг тэд хэллээ. Үндсэн цалин биш урамшууллын мөнгөө олгохгүй байснаа олгох болсноо 20 хувиар нэмсэн хэмээн мэдээлсэн бөгөөд нэмэгдэл мөнгийг олгоход төсөв байхгүй хэмээн эмч нарт олгохгүй байгаа гэв. Мөн илүү цаг, урамшуулал, амралтын мөнгөө ч авч чадахгүй байхад нэмсэн мэт буруу ойлголт төрүүлж байгааг тэд эсэргүүцэж байна гэлээ.
Эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл "Тэвчиж болох зардлууд маш их байхад түүнийгээ хасахгүй байна. УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн яам чих нь дүлий, нүд нь хаалттай байна. Төсвийн тодотголд хориг тавьж өгөөч. Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулж, шийдвэр гаргаж өгөөч ээ. Бидэнтэй биеэр уулзаач" гэсэн хүсэлтийг тавьж байсан юм.