Л.Гантуяа: Аристотелийг гэхэд л хэдэн том зохиолоо бичихдээ олон уншсан
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Лхагвын Гантуяаг “Зууны мэдээ” сонин “Утга зохиолын тухай” яриа буландаа урилаа.
Багадаа уншсан зохиолынхоо талаар
-Миний аав намайг ухаан орсон цагаас л элдэв хөөрхөн үлгэртэй зурагтай орос ном бас хуудсыг нээхэд байшин орд харш нь сүндэрлэдэг сонирхолтой номууд авч өгдөг бсан. Монгол ардын аман зохиолын дээжис гэсэн том хүрэн ном болон Хүүхдийн уран зохиолын дээжисээс эгч маань хичээлээсээ ирээд л надад уншиж өгдөг байлаа. Би үлгэр туульсыг ганц сонсч тогтоочихоод гэрт зочин ирэхээр л ярьж өгдөг байсан. Миний ээж, аав, эгч бүгд уран зохиолд дуртай болоход минь намайг хөтөлсөн. Ингээд бичиг сураад “көксерик гэдэг чоно”-оос эхлээд олон өгүүллэг үлгэр уншсан. Дөрөвдүгээр ангид ороод л анх удаа Д.Наваансүрэн гуайн “Минжийн хангай”, Ш.Шажинбатын “Элс цас” романыг уншсан. Удалгүй орчуулгын сонгодог ном бүтээл руу татагдсанаас сэтгэлд хамгийн тод үлдсэн нь Марк Твений ”Том Сойерын адал явдал”, “Гекельберри Финнад тохиолдсон адал явдал”, Чарльз Диккенсийн “Дэвид Копперфильд”зохиолууд.
Уншиж болохгүй гэж хориглож байсан зохиолын талаар
-Хориглож байсан зүйл байгаагүй. Дөрөвдүгээр ангид анхныхаа романыг уншиж байхад манай ангийн хүүхэд нэг удаа “чамайг том хүний ном уншаад байна гэж багшид хэлнэ” гэж байснаас өөрөөр хориглож хорьж байгаагүй. Багш нар маань ном уншдаг хүүхдэд хайртай, бүр өөрсдөө ном өгч уншуулдаг ч байсан. Тавдугаар ангид байхад манай нэг багш “Анна Каренина”-г надад өгч уншуулж байсан. Оросын зохиолч И.Гончаровын “Обломов” бол миний сурагч байхдаа уншсан гадаадын уран зохиолын олон номын нэг. “Парисын дарь эхийн сүм”, Яны “Чингис хаан”, “Бат хаан” зэрэг тэр үедээ л онцгой сонин гэгдэж байсан номуудыг найз нөхөд багш нараасаа авч уншиж байлаа. Миний ээж, аав хоёр намайг ном уншихыг бүхий л талаараа дэмжсэн улс. Номын сангийн гэрээр ном олгодог тасгаас ээжийнхээ авчирч өгсөн олон номын уншсан даа. Тухайн үед хураагдаж байсан, хориотой ном нь Ж.Пүрэвийн “Онцгой эрх” байсан. Гэхдээ л яаж ийж байгаад олоод уншчихсан л юм даа.
Хамгийн сайн мэддэг зохиолчийнхоо тухай яривал
-Сайн мэддэг зохиолч олон л бий дээ. Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Т.Галсан гуай гээд л эхэлнэ. Ж.Болд-Эрдэнэ, Д.Банзрагч, Б.Доржпалам нар гээд олон хүнийг нэрлэж болно. Энэ дундаас Ж.Болд-Эрдэнийг, Ш.Уянгыг арай илүү мэдэх юм болов уу даа... Нас ойр бас нэг үеийн найрагчид гэж явдгийн хувьд арай дотно. Манай Со лам /Яруу найрагч, лам Содномнамжил/ маань бас л нөхөрлөж явсан андууд юм даа... Их дөлгөөн. Хальт харахад их зантай ч гэмээр санаа зөвтэй сайн залуу байлаа даа... Л.Лхагвасүрэн ах бол миний анхны номыг редакторлож байсан тул их хуралд байх үед нь ойр ойрхон очиж уулздаг байлаа. Н.Энхбаяр гуай тэр үед соёлын яамны сайд байсан болохоор өрөөнд нь орж шатар тоглоно... Дарма Батбаяр багш гишүүний туслах байсан. Б.Лхагвасүрэн ах гэнэт сонин асуулт тавина. “Би ямар хүн бэ? гэж байсхийгээд асууна. Тэрийг нь бодохоор өөрийгөө таньж мэдэхийг гэхээсээ илүү нийгэмд байр суурь, нэр хүнд ямар байгаа бол гэж танддаг байсан юм болов уу даа. Залуу байсан болохоор юм ч боддоггүй гайхаад л өнгөрдөг байсан.
Зохиолч болно гэж эргэлтгүй шийдвэрт хүргэсэн ном гэвэл
-Би багаасаа уншсан болохоор өөрийн эрхгүй л бичих гэж оролддог болчихсон байсан. Заримдаа их гоё өгүүллэг, шүлэг таарвал бараг хуулах маягтай жаахан өөрчлөөд биччихсэн явж байдаг хүүхэд байлаа. Гэхдээ Чарльз Диккенсийг уншаад яг ийм гоё бичихсэн гэж мөрөөддөг болсон санагдана. Тэгэхээр энэ зохиол надад их том нөлөө үзүүлсэн байх....
Анхны бүтээлийнхээ тухай нандин дурсамжаас
-Анхны бүтээл ч юу байхав дээ. Дөрөвдүгээр ангид байхдаа бичсэн “Залхуу чи зайл” гэдэг шүлгээ одоо бодохоор инээдтэй, хөөрхөн санагддаг юм. Ээж намайг “Шалны мод битгий хэрэглэ. Шалны хүрээ, булан тохойг тонгойгоод гараараа сайн арчиж угаа” гэдэг байсан юм. Гэтэл би тэр өдөр шалны модоор шалаа угааж байгаа өөрийгөө бодоод л. Тэгээд яг шал угааж байхад тэр шүлгийн мөрүүд ороод ирж билээ, инээдтэй...
1996 онд анхны номоо цөөхөн хувь гаргасан ч өөртөө бол омогшиж их урам авсан даа.
Уран бүтээлийн судалгаа хэрхэн хийдэг вэ
-Уран бүтээлийн судалгаа хийх..... Амьдралыг ажиглах, сонсох. Би хүмүүсийн яриа амьдрал дээр болсон үйл явдлуудыг их сонсож, харж, ажиглах дуртай. Бодож зорьж яваа сэдвийнхээ талаар бусадтай ярилцах бас настайчууд хийгээд олон юм үзэж, туулсан хүмүүсээс нарийн мэдэхгүй зүйлээ асууж лавладаг. Бас уншина. Аристотелийг гэхэд л хэд хэдэн том зохиолоо бичихдээ олон уншсан. Дахин дахин нягталж уншсан байх жишээтэй.
Зохиолын баатрууд хаанаас гарч ирдэг вэ гэж үү
-Миний зохиолын баатрууд ихэвчлэн бодит гаралтай хүмүүс байдаг. Яагаад гэхээр зарим баатар хэд хэдэн бодит хүний дүрийн нийлбэр байдаг ч гэх юм уу...Ер нь зохиолч гэхээрээ л оргүй хоосноос зохиох ёстой гэж боддоггүй. Харин амьдралын байдлыг харсан, мэдэрснээ цаашлуулан ургуулж зохиомжлон өөрийн бодрол төсөөлөмж болгодог хүнийг л зохиолч гэдэг байх. Энэ миний бодол л доо.
Үлгэр жишээ авдаг бүтээлээ нэрлэвэл
-Үлгэр жишээ авдаг бүтээл гэвэл Гюстав Флоберийн “Бовари хатагтай”, Баастын Золбаярын өгүүллэг эсээнүүд, Чарльз Диккенсийн зохиолуудыг түрүүлж дурьдана.
Өнөө үеийн Монголын утга зохиолын талаарх үзэл бодлоо хуваалцвал
-Өнөө цагийн Монголын утга зохиол сайнтай муутай л байгаа. Үе үед л ийм байдаг хойно жамаараа л явна. Гэхдээ хэллэг, өгүүлэмж муутай, бусдыг дуурайсан өөрийн өнгө аяс тодорхойгүй саармаг тааруухан бүтээлүүд сайхан хавтас нөмөрчихөөд маш их борлогдож зарагдаж байна. Энэ нэг талаар аюултай. Яагаад гэхээр монгол хэл устахад үүрэгтэй. Залуусын сэтгэх тунгаах чадвар хэт хөнгөн болж төлөвшинө. Тиймээс болдог бол мөнгөний төлөө биш, чанар чансаатай бүтээлийг төрүүлэх нь чухал. Мэргэжлийн зохиолчдын дунд ч гэсэн хачин зузаан ч, авах өгөх юм багатай бүтээл үйлдвэрлэж гаршсан нөхөд цөөнгүй байна.
Олон ном гаргахдаа биш, чанартай бүтээл хийх нь чухал.
Гадаадын уран зохиолын талаар
-Гадаадын чанартай, урамтай бүтээлүүд ихэвчлэн орчуулагдаж бидэнд хүрдэг болохоор их таатай байдаг. Оросын сүүлийн үеийн өгүүллэг туужийн бичлэгүүд их өвөрмөц содон болсон байна. Хятадын сүүлийн үеийн яруу найргийн мэдрэмжүүд бас их сонин байна.
Хүүхдэдээ уншиж өгөх номын талаар аав ээжүүдэд хэлэх зөвлөгөө
-Хүүхдийн бүтээлүүд чанарын хувьд бас учир дутагдалтай. Бас л их хөөрхөн, өнгөлөг зургуудаар чимээд дотор нь өөрийнхөө багын түүхийг бичсэн ч ном харж л байлаа. Аав, ээжүүд номын зурагт хуурталгүй өөрсдөө нээж үзэж, ядаж нэг хоёр нүүрийг энд тэндээс уншиж үзэх нь чухал. Шүлэг бол цээжлэхэд хялбар, зохирол сайтай эсэхийг харах, ер нь хүүхдэд хүрэх өгөөжийг нь бодолцох хэрэгтэй. Дуртай буюу дурлаж сонирхож буй номыг нь авч өгвөл хүүхэд уншихад урамтай, өгөөжтэй байх юм болов уу даа.
Хүүхдийн нүдэнд өртөхөөр газруудад номууд байнга гарт нь ойрхон байвал дуртай болох байх. Манай найзын охин саяхан долоон нас хүрсэн. Гэтэл 300 ном монгол, франц хэл дээр уншсан байна. Зуун ном уншихад нь баяр хүргэж эгшигт хайрцаг авч өгсөн гэсэн. Дахиад зууг уншихад нь гэрэлтдэг бал, мөнгө цуглуулдаг түлхүүртэй гоё чамин хайрцаг авч өгсөн байна билээ. Саяхан цахимаар ярихад 300 дахь номоо уншаад ширээний ганган цаг скүүтер авахуулсан гэж байх жишээтэй. Энэ бол ямар ч барьцаа юм уу шагнал биш. Зүгээр баяр хүргэж байгаагаа илэрхийлээд урамшуулж буй явдал. Үүнийгээ гол нь хүүхдэдээ зөв ойлгуулах чухал.
Хамгийн сүүлийн шинэ бүтээлийнхээ тухай
-Би яруу найргийн ном гаргах санаатай бэлдэж байгаа. Нэг хүний шүлэглэсэн монологи жүжиг бичиж байна. Ер нь хийхээр төлөвлөсөн зүйлс бий бий.
Л.Гантуяагийн “Үр хурмастын өмнө” /2020/ номд багтсан “Катмандугийн нэг өдөр” романаас
-... Аманд нь урсан орох цагаан сүү гайхамшигт шуранхайд эрчимлэгдэн хоолой руу нь улам хүчтэй цутгахуй аглагийн эзний эрэмшил амтагдаад ирэв. Аялгуунд амтагдсан нярайн бие тайвширч хөхөндөө улам шунаглана...
-...Ам бүлийн хэд ийш тийш гүйлдэн хөөрхий бүсгүйг аврахаар эх толгойгүй бужигнаж ахуйд хөөрхий залуухан эх зөвхөн хормой дээр нь паацагнах үрээ л өрөвдөн ширтжээ...
-...Охиныхоо амийг аварч чадалгүй алдсандаа харамсан энэлээд хүүг мартах шахсан хүмүүс жаалыг гэнэт өрөвдөн санаснаа мөн л алмайрав...
-...Хөл гар нь чангарч бойжсон тэрбээр наашаа гэсэн бүхэн рүү дэрвэлзэн сарвалзах нь эгэл цагтсан бол энхрийлэн өхөөрдмөөр. Гэвч нүд ирмэх зуур торнихдоо....
Д.Ариун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин