Хаитигийн Ерөнхийлөгчийг хөнөөсөн хөлсний цэргүүдийн ихэнх нь Колумбын иргэд байжээ
ХАВАНА. /TASS/. Хаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моизийн амь насыг хөнөөсөн хөлсний цэргүүдийн дор хаяж 26 нь Колумбын иргэд байсан талаар тус улсын цагдаагийн газрын дарга Леон Шарль мэдээлжээ.
“Бид 28 алуурчныг хэн болохыг тогтоосон, тэдний 26 нь Колумбын иргэн, хоёр нь Хаити гаралтай америкчууд байсан. Колумбын 26 иргэнээс бид 15-ыг нь илрүүлээд байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Цагдаа нар одоогоор дор хаяж найман гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа аж.
Хаитигийн Ерөнхийлөгч Жовенель Моизийн амь насыг хөнөөсөн хөлсний цэргүүдийн бүлэглэл 26 хүний бүрэлдэхүүнтэй байсан гэж тус улсын нам хоорондын харилцаа, сонгуулийн асуудал эрхэлсэн сайд Маттиас Пьер урьд нь “Reuters” агентлагт мэдээлжээ.
Албан ёсны мэдээллээр Моизийг хөнөөсөн долоон сэжигтнийг устгасан байна.
Хаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моиз мягмар гаргаас лхагва гарагт шилжих шөнө нийслэл хот дахь гэртээ үл таних этгээдүүдийн халдлагад өртөж амиа алдсан юм. Халдлагын үеэр тус улсын тэргүүн хатагтай Мартин Моиз мөн шархдаж, эмнэлэгт хүргэгджээ. Хаитигийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Клод Жозефийн мэдэгдсэнээр, гэмт хэрэгтнүүдийн зарим нь англи, испаниар ярьж байсан байна. Жозеф ард иргэддээ тайван байхыг уриалаад “Хаитигийн Үндэсний цагдаагийн газар болон Зэвсэгт хүчин улс орны аюулгүй байдлыг хангаж байгаа” гэж мэдэгджээ. Хаитигийн сайд нарын зөвлөл тус улсад 15 хоногийн хугацаатай дайны байдал зарласан байна.
Гэмт этгээдүүд Ерөнхийлөгч Жовенель Моизийн амь насыг бүрэлгэсний дараа Клод Жозеф улс орноо түр удирдаж буй юм. Тэрбээр бүх нийтийн сонгуулийг өмнө нь товлосны дагуу есдүгээр сарын 26-нд явуулна" гэж мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг