Дархан-УБ чиглэлийн шинэ замын 113 км нь бэлэн болоод байна
Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км замын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай ЗТХ-ийн сайд Л.Халтар болон бусад албаныхан танилцаж байна.
Нийт 204 км замыг АХБ болон Европын сэргээн босголтын банкны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа аж.
Төслийн ажил эхлээд хоёр жилийн хугацаа болж байгаа ба хэд хэдэн багц дээр 20-хон хүн ажиллаж байгаа талаар албаны хүн мэдээллээ. Өмнө нь гүйцэтгэгчээр ажиллаж байсан БНХАУ-ын компани гэрээгээ цуцалсан нь ажлыг хойшлуулах нэг шалтгаан болсон ба шинэ гүйцэтгэгчийг шалгаруулна гэлээ.
113 км нь асфальтан хучилттай болсон ба нэг багц 45 км зам дээр 300 гаруй тэмдэг тавих шаардлагатай байгаа, үлдсэн материалаа цар тахлын улмаас оруулж ирж чадахгүй байгаа аж.
Уг нь энэхүү зам дээр 80 км/цаг явах боломжтой ч дэргэд нь замын ажил үргэлжилж байгаа учир 50км, 30 км цагийн хурдыг зөвшөөрөх тэмдэглэгээг тавьж байна гэлээ.
Замын ажлын орчим тоос шороо ихтэй учир ойролцоо амьдарч байгаа иргэдийн хувьд нөхцөл байдал хүнд байгаа талаар гомдоллоо. Харин албаныхан өдөрт гурван удаа усалдаг ч цаашид усалгааг дахин нэмэхээр төлөвлөж байгаа гэсэн юм.