Хаитигийн ерөнхийлөгч гэртээ халдлагад өртөж, амиа алджээ
ХАВАНА. /TASS/. Хаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моиз мягмар гарагаас лхагва гаригт шилжих шөнө хувийн сууцандаа үл таних этгээдүүдийн халдлагад өртөж, амиа алджээ.
Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2017 оны 2 дугаар сараас хойш хашсан Жовенель Моиз 53 настай байжээ. Гэмт этгээдүүд Жовенелийн гэрт халдсаны улмаас түүний гэргий шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Хаитигийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Клод Жозефын мэдэгдсэнээр, халдлага үйлдсэн этгээдүүдийн зарим нь англи хэлээр болон испаниар ярьж байсан аж.
“Энэ хэрэгт холбогдуулан Сайд нарын зөвлөл орон даяар дайны байдал зарлах шийдвэрт хүрч, төрийн тэргүүний амийг хөнөөсөн этгээдүүдийг хуулиар хатуу шийтгэнэ. Улс оронд тогтвортой байдал бий болгох тэмцэлд нэгдэхийг бүх хүчинд уриалж байна” хэмээн тэрбээр ард түмэндээ хандан хэлсэн байна.
Түүнчлэн эрх баригчид Туссен-Лувертюрын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлыг хаажээ.
Үүний дараа тэд НҮБ-д хандан Моизийн амиа алдсантай холбоотой хэргээр олон улсын мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улс орны нөхцөл байдлын асуудлаар Аюулгүйн Зөвлөлийг хуралдуулахыг уриалсан байна.
Моиз 2017 оноос хойш дэлхийн хамгийн буурай орнуудын нэгийг удирдаж байсан хэдий ч түүнийг огцрохыг шаардсан олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Тус улсад төрийн эргэлт, улс төрийн тогтворгүй байдал, хүчирхийлэл гаарсан байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг