ОХУ-д 28 хүнтэй сураггүй алга болсон нисэх онгоцны хэсэг олджээ
Өчигдөр өглөө эрт ОХУ-ын Камчаткын хязгаарт 28 хүн тээвэрлэж явсан АН-26 нисэх онгоц сураггүй алга болсон юм.
Уг онгоцны сэг хүрэх ёстой газраасаа 5 км зайд Агнуурын тэнгисийн эргээс олдсон тухай орон нутгийн аврах алба мэдээлжээ. Онгоцонд 22 зорчигч, нисэх багийн зургаан гишүүн явсан юм. Тэднээс ганц ч хүн амьд үлдээгүй байна.
АН-26 онгоц Камчаткын хязгаарын төв Петропавловск-Камчатский хотоос Палана тосгоны чиглэлд хөөрөөд холбоо тасарсан юм.
Сүйрсэн онгоц нь “Камчатское Авиапредприятие” компанийн өмч бөгөөд 1982 оноос хойш агаарын тээвэрт ашиглагдаж байгаа ажээ. Хуучирсан хэдий ч онгоцны техникийн нөхцөл байдал сайн байсныг тус компанийн гүйцэтгэх захирал Алексей Храбров мэдээлсэн байна.
Амиа алдсан зорчигчдын ихэнх нь 3,000 орчим хүн амьдардаг Палана тосгоны оршин суугчид байжээ. Тэдний дотор орон нутгийн захиргааны дөрвөн албан хаагч байсан гэнэ.
2012 онд “Камчатское Авиапредприятие” компанийн АН-28 онгоц мөн Петропавловск Камчатский хотоос Палана тосгоны чиглэлд нисэж яваад уул мөргөж осолдсон юм.
Тухайн үед онгоцонд зорчиж явсан 14 хүний 10 нь амиа алдаж байжээ. Сүүлд хийсэн шинжилгээгээр уг онгоцны амиа алдсан хоёр нисгэгчийн цуснаас спирт илэрч байв.