Одоогоор 75 амралтын газартай “Хариуцлагын гэрээ” байгуулжээ
Ковид19 халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төв зэрэг үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг 17 хоног хязгаарласан юм. Тэгвэл эдгээр аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
Нийт 400 гаруй амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төвтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нээнэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга мэдэгдсэн.
Одоогийн байдлаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 75 амралтын газар, жуулчны баазтай “Хариуцлагын гэрээ”-г байгуулсан талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэдээлжээ.
Амралтын газраар үйлчлүүлэх иргэд Улсын онцгой комиссын Ковид19-ийн үеийн дүрэм журам, баазын дотоод журмыг мөрдлөг болгон, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмээ барьж, иргэний үнэмлэх болон вакцины бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон болохоо батлах гэрчилгээгээ авчрах шаардлагыг тавьж байгаа юм.