Facebook, Twitter, Google компаниуд Хонгконг дахь үйл ажиллагаагаа зогсооно гэлээ
Facebook, Twitter, Google зэрэг Америкийн технологийн компаниуд Хонгконгийн засгийн газар хэрэглэгчдийн мэдээллийг хамгалах тухай хуульд өөрчлөлт оруулахаа зогсоохгүй бол Хонгконгт үйл ажиллагаа явуулахаа зогсооно хэмээн анхааруулжээ.
Хонгконгийн засгийн газар хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулснаар хэрэглэгчдийн нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдээлэлтэй холбогдуулан тухайн нийгмийн сүлжээний компани болон тухайн компаниудын ажилтнуудад хэрэг үүсгэх боломжтой болох аж.
Хонгконгийн эрх баригчид өнгөрсөн 5-р сард хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан ба энэ нь иргэний хувийн мэдээллийг тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр нийгмийн сүлжээнд нийтлэх явдлыг зогсооход чухал ач холбогдолтой хэмээн тайлбарлажээ.
Иргэний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр нийтлэх явдлыг доксинг гэдэг бөгөөд доксинг нь 2019 оны Хонгконгийн иргэний ардчилсан хөдөлгөөний үеэр дэлгэрчээ. Хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулснаар буруутай этгээдэд 1 сая хүртэлх хонгконг долларын торгууль ноогдуулж, 5 хүртэлх жилийн хорих ял оноох аж.
Америкийн технологийн компаниудыг багтаасан Asia Internet Coalition групп Хонгконгийн засгийн газарт илгээсэн захидалдаа, "Технологийн компаниудын хувьд уг хориг арга хэмжээнээс зайлсхийх цорын ганц арга нь Хонгконгд хөрөнгө оруулж, үйл ажиллагаагаа явуулахаас татгалзах явдал юм." гэдгийг онцолжээ.