Бөөр өвдсөн үед гэрээр хийдэг 8 буруу эмчилгээ
Бөөр шээсний замын эрхтэнд бөөр, шээлэй, давсаг зэрэг эрхтнүүд орно. Бөөрний эмгэгтэй хүнд илрэн гардаг гол зовуурь шаналгаа нь:
1. Бөөр, нуруугаар өвдөх
2. Шээсний гарц, хэмжээ, өнгө өөрчлөгдөх
3. Хавагнах
4. Артерын даралт ихсэх
5. Халуурах шинж орно.
Бөөрний өвдөлтийн шинж, эрчим, үргэлжлэх хугацаа, дамжилт, өвдөлт сэдрээх хүчин зүйлсийг тодруулан байж ямар бөөрний өвчнөөр өвдсөн байна гэдгийг олж, түүнд тохирсон эмчилгээг хийдэг.
Бөөрний үрэвсэлт өвчний үед бөөр орчмоор хөшиж, чилэн өвдөнө. Харин нянгийн шалтгаантай бөөрний өвчний үед бөөр орчмоор халуу оргиж, чинэрэх, унжрах байдалтай тод гардаг.
Бөөрөөр өвдөлт үүсэж байгаа шалтгаан нь аяганцар, тэвшинцэр үрэвсэж тэлэгдэх, бөөрний эд эс хөөнгөтөж, томорч тэлэгдсэний улмаас өвдөлт үүсдэг.
Иймээс бөөрний үрэвслийг дарах, нянгийн үржлийг дарангуйлах, шээс хөөж бөөр, давсгыг цэвэрлэх эмчилгээг хийх хэрэгтэй. Гэвч ямар нянгаар үүсгэгдсэн бөөрний эмгэг гэдгээс хамаарч антибиотикийг сонгох, үрэвсэл хэр байгаа, хаван хэр байгаа, бөөрний үйл ажиллагааны алдагдал хэр байгаагаас хамаарч эмчилгээ янз бүр байдаг. Гэтэл ард иргэд маань дур мэдэн арга хэмжээ авдаг. Энэ аргууд нь нэг талаараа бөөрний өвчний зовиурыг арилгах боловч нөгөө талаасаа бөөрний өвчинг хүндрүүлэх аюултай байдаг. Ингээд та бүхэн түгээмэл хэрэглэдэг бөөрний өвчний үед хүмүүсийн хийдэг 10 аргыг дурдья.
1. Өлөн шээсээ ууж нь хаван хөөж, бөөрний үрэвслийг бууруулах арга.
Хүний шээс бол бодисын солилцооны үлдэгдэл, биед хэрэггүй хортой нэгдэл, нян зэргийг агуулсан шингэн юм. Иймээс шээсийг ууж болохгүй бөгөөд энэ нь хаван бууруулах, үрэвсэл дарах нөлөө огт байхгүй
2. Хар даавуунд шар тос түрхээд халааж, нуруу бүсэлхий дээр тавьж, бөөрний үрэвслийг дарах, чилж өвдөх зовиурыг бууруулах арга.
Энэ арга бол нэг талаараа ууц нурууны булчинг суллаж, бөөрний өвчний үеийн чилж өвдөх зовиурыг намдаах боловч халууны үйлчилгээ үзүүлж байгаа учраас бөөрний үрэвслийг үүсгэсэн нян үржих таатай боломжыг бүрдүүлдэг сул талтай. Ялангуяа нянгийн шалтгаант бөөрний үрэвсэлт өвчний үед хэрэглэхийг хориглоно.
3. Тэхийн шээг болон бусад эмийн ургамлыг хандалж уух арга
Тэхийн шээг, газрын хаг, нохойн хошуу буцалгаж уух нь бөөр, шээс дамжуулах замын үрэвслийг дарах, шээс хөөх, нянгийн үржлийг дарангуйлах зэрэг эмчилгээний ач тустай. Гэвч эмийн ургамал дотор агуулагдах биологийн идэвхит бодисын хэмжээнээс хамааараад эмчилгээний үр дүн харилцан адилгүй үр дүнтэй. Иймээс лабораторын нөхцөлд тухайн эмийн ургамалд их хэр биологийн идэвхит бодис агуулагдсаныг үзэж, шалган, эмчилгээний үр дүн үзүүлж чадах эсэхийг нь ялган, тусгай зориулалтын орчинд савлан хэрэглэгчийн гарт хүргэх ёстой. Иймээс та албан ёсоор лабораторын нөхцөлд шинжилсэн , хоргүй, аюулгүй байдал нь батлагдсан эмийн ургамлыг сонгон хэрэглэвэл эмчилгээний үр дүн сайн байх болно.
4. Шар будааны шүүс уух арга
Шар будаа бол тэжээлэг чанар өндөртэй, кальци, цайр, фолийн хүчил, төмөр зэрэг эрдэс агуулсан байдаг. Иймээс бөөрний үрэвсэлт өвчний үед хэрэглэхэд эрдсийг нөхөх зорилгоор хэрэглэж болно.
5. Нуруугаар чанга бүсэлж, өвдөлтийг бууруулах арга
Бөөрний өвчний үед нуруу бусэлхийний булчин чангарч, бөөрний эдэд үрэвсэл явагдсаны улмаас чилж өвддөг. Энэ үед нуруу бүсэлхийгээр чангалж бүслэх нь хэсэг газрын цусан хангамжыг багасгадаг тул үрэвслийг улам даамжруулах хандлагатай. Иймээс нурууны бүсийг бөөр унжилттай хүнээс бусад хүмүүс зүүх шаардлагагүй.
6. Өвдөлт намдаах эмийг ойр ойрхон уух
Бөөр өвдсөн үед өвдөлт намдаах эмийг болгоомжтой уух хэрэгтэй. Олон удаа ойр ойрхон уух нь бөөрний үйл ажиллагааг улам доройтуулж, бөөрний цочмог дутагдалд хүртэл хүргэх аюултай. Ялангуяа бөөрний өвчний үед ибупрофен эмийг болгоомжтой ууж хэрэглэхийг сануулья.
7. Дур мэдэн төрөл янз бүрийн антибиотик уух арга
Бөөр уусан эмийн 70-80% шүүж, биеэс гадагшлуулдаг эрхтэн. Мөн бөөрийг сонгомлоор гэмтээдэг антибиотик ч байдаг. Иймээс дур мэдэн антибиотик уух нь бөөрний өвчинг үүсгэсэн нянг антибиотикт дасал болгох цаашлаад бөөрийг хордуулах аюултай байдаг.
8. Шээс хөөх эмийг удаан хугацаагаар ууж, бөөрний хаванг бууруулах арга
Эмчийн заавраар богино хугацаанд хэрэглэж, цусан дахь эрдсийг хянаж байх хэрэгтэй. Хэрэв жоргүй дур мэдэн, шээс хөөх эмийг удаан хугацаагаар уухад цусанд калийн хэмжээ ихсэж, натрийн хэмжээ багасах, элэг бөөрний үйл ажиллагаа алдагдан, бөөрний өвчин улам даамжрах аюултай.