Дэлхийн зарим улс, тэр дундаа вакцинжуулалтын эхэн үедээ халдвараас хамгаалах үр дүн бусад вакцинаас харьцангуй сул хятад вакцин ашиглаж байсан орнууд энэ долоо хоногт иргэддээ вакцины гурав дахь тунг санал болгож эхэлсэн байна.
Жишээлбэл, вакцинжуулалтаа хэдэн сая хятад вакцинаар эхлүүлсэн Турк улс өчигдөр (2021.07.01) халдварлах өндөр чадвар бүхий "Дельта" хувилбарын SARS-CoV2 вирусээс ард иргэдээ сэргийлэхийн тулд гурав дахь тунг санал болгожээ.
Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кокагийн хэлснээр, вакцины гурав дахь тунг эхний ээлжинд эрүүл мэндийн ажилчид болон 50-иас дээш насны иргэддээ тарихаар төлөвлөсөн аж. Вакцинжуулалтад дахин хамрагдах гэж буй иргэн өмнө нь чухам аль үйлдвэрийн вакцины хоёр тунг хийлгэснээс үл хамааран гурав дахь тунгаа дур мэдэн сонгож болох юм байна. Туркийн хувьд өдгөө Pfizer/BioNTech компанийн болон Хятадын Sinovac компанийн гээд хоёр вакцин ашиглаж буй. Тиймээс иргэд нь дээрх хоёр вакцины аль нэгийг сонгох боломжтой юм.
Фахреттин Кокагийн тайлбарласанчлан Туркийн эмч, хөгшчүүл дунджаар зургаан сарын өмнө вакцины хоёр дахь тунгаа хийлгэжээ. Тухайн үед зөвхөн Хятадын вакцин тарьж байсан тул өдгөө шинэ хувилбаруудын эсрэг гурав дахь тун вакциныг тарих зайлшгүй шаардлага үүссэн нь энэ аж.
Хятадын вакцинаар хүн амынхаа багагүй хувийг вакцинжуулсныхаа дараа өөр үйлдвэрийн вакцины гурав дахь тун санал болгож байгаа улс ганцхан Турк биш юм. Бахрейн улс Sinopharm компанийн бүтээсэн вакцины хоёр тунг тариулсан ард иргэддээ дахин нэг тун Pfizer/BioNTech компанийн вакцин санал болгож эхэлсэн байна. Түүнчлэн Арабын нэгдсэн Эмират улсын эрдэмтэд Хятадын вакцины хоёр тун хангалттай дархлаа тогтоож чадахгүй байна гэж үзсэний үндсэн дээр дахин нэг тун хятад вакцин иргэддээ тарьж эхэлжээ.
Түүнээс гадна ОХУ мөн өчигдөр (2021.07.01) шинэ "Дельта" хувилбарын тархалтаас сэргийлэн, дотоодын үйлдвэрийн вакцины гурав дахь тунг санал болгож эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар Кремль нийт хүн амынхаа ердөө 16 хувийг дархлаажуулаад байгаа аж. Москвагийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс нийт хүн амын дор хаяж 60 хувь нь бүрэн дархлаажих хүртэл зургаан сар тутамд нэг нэг тун вакцин тариулсаар байх шаардлагатай гэнэ.