УИХ-ын дарга Г.Занданшатар есөн сарын өмнө нэг мэдэгдэл хийсэн. Тэгэхдээ “...Түүхэн тэгш ойгоор УИХ Өршөөлийн хууль баталж, олон хүнд өршөөл үзүүлдэг. Энэ удаад ч шинэ парламент Өршөөл үзүүлэх тухай хууль батлах судалгаа хийж байгаа” гэж байв. Мөн тэрбээр “..Дэлхий олон оронд цар тахлын үед хамгийн эрсдэлтэй нөхцөлд шоронгийн нөхцөлийг тооцож байгаа. Тийм ч учраас ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байгаа. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн төвшинд судалж үзэхийг чиглэл болгосон. Энэ хүрээнд цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна” гэж хэлсэн юм.
Тэр үед Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулж гарах Өршөөлийн хуулийн талаар ийн ярьсан хэрэг. Ер нь бол “...Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор маш том өршөөлийн хууль гарна” гэсэн яриа хавтгай тарсан байв. Одоо тэр хууль нь батлагдах гэж байна. Харамсалтай нь олон нийтэд хүлээлт үүсгэсэн хэмжээний хууль болсонгүй. Энэ хуулийн төслийн санаачлагч Х.Нямбаатар Байнгын хорооны хуралдаан дээр “...Өршөөлийн хуулиар 50 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын ялыг зорчих эрхийг хязгаарлахаар солих, 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасах, өсвөр насны 25 хүн, нийт 1013 хоригдол хамрагдаж, 3129 хоригдол хорих анги, байгууллагад үлдэх юм байна. Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2483, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлтийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 160, нийт 39156 этгээд хамрагдана” гэлээ.
Харин УИХ-ын гишүүд энэ хуулиар байр сууриа ил, тодорхой илэрхийлж чадахгүй байна. Хаалттай ярьцгааж байна. Үндсэндээ УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Сүхбаатар нараас бусад нь байр сууриа нууцалж байгаа юм.
Тэгвэл хуульчид, олон нийтийн зүгээс зарим саналыг хууль тогтоогчдод хүргүүлжээ.
Түүнд:
1. Төслийн 9 дүгээр зүйлд дараах агуулга бүхий хэсэг нэмэх
“...9.4. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 9.1-д заасан 2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 145.4 дэх хэсэг/, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.3 дахь хэсэг/, Татвар төлөхөөс зайлсхийх /Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл/ гэмт хэрэг, 9.2-т заасан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих /Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйл/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Татвар төлөхөөс зайлсхийх /Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйл/, Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигчийн эрхийг зөрчих /Эрүүгийн хуулийн 18.4 дүгээр зүйл/, Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах /Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйл/, Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах /Эрүүгийн хуулийн 18.15 дугаар зүйл/, Барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих /Эрүүгийн хуулийн 18.16 дугаар зүйл/, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих /Эрүүгийн хуулийн 18.17 дугаар зүйл/, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин дөрөвдүгээр бүлэг/, Түүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх /Эрүүгийн хуулийн 25.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэргийг анх удаа үйлдсэн ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн бол тухайн ялтанд шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...”
Үндэслэл:
- Дэлхийн олон улс оронд Ковид-19 цар дахлын тархалттай холбоотойгоор гэмт хэрэг үйлдсэн этгээдийг аль болох хорихгүй байх арга хэмжээ авч байгаагийн зэрэгцээ хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагуудын зүгээс гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийг харгалзан хорих ялаас чөлөөлөх шийдвэр гаргахыг дэлхийн улс орнуудад уриалж байгаа. Энэ хуулийн үзэл баримтлалд энэ агуулга илэрхийлэгдэж байгаа ба энэ зохицуулалтад хамааруулж байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанартай уялдуулан ийм зохицуулалт хийх нь зөв гэж үзэж байна.
-Энэ хэсэгт хамааруулж буй гэмт хэргүүдийн тухайд материаллаг бүрэлдэхүүнтэй, хохирогч нарт болон улс нийгмийн эдийн засагт хохирол учруулсан байдлаараа нийгмийн хор аюул нь тодорхойлогдож байдаг. Энэ төрлийн гэмт хэргүүдэд ял шийтгэгдсэн этгээд ялаа биеэр эдэлсэн бол хохирол төлбөрөө төлөхгүй байх тохиолдол элбэг байдаг. Энэ талаар тодорхой олон судалгаанууд ч байдаг. Иймээс энэ хэсэгт хохирлоо бүрэн төлсөн байх нөхцлийг тусгаснаар тухайн гэм хэргийн улмаас хохирсон хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чухал ач холбогдотой бөгөөд үр дүнтэй хөшүүрэг болох юм. Ингэснээрээ иргэнийхээ зөрчигдсөн эрхийг сэргээн, хамгаалах тухай Үндсэн хуульд заасан үүргээ төр хэрэгжүүлж байгаа нэг бодит жишиг болох юм.
Тайлбар:
- Өмчлөх эрхийн эсрэг болон эдийн засгийн гэст хэргийн бүлэгт хамаарах эдгээр гэмт хэргүүд нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал, таницуулгад дурдсан ФАТФ-ын зөвлөмжийн заалтуутад хамаарахгүй. Үзэл баримтлалд тусгагдсан энэ зөвлөмжийн 3-т “мөнгө угаах”, 5-д “терроризмыг санхүүжүүлэх”-тэй холбоотой асуудал байх бөгөөд энэ саналд дурдсан гэмт хэргүүдтэй холбоотой зөвлөмж болгосон заалт огт байхгүй юм. Иймээс энэ төрлийн гэмт хэргүүдэд өршөөл үзүүлэх нь ФАТФ-ын зөвлөмжийг зөрчихгүй.
-Энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн хор аюултай холбоотойгоор хоёр түүнээс дээш удаа үйлдсэн этгээдэд энэ заалт үйлчлэхгүй байхаар зохицуулахаар санал гаргажээ.
Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлд Өмчлөх эрхийн эсрэг (Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэг), Эдийн засгийн болон материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүдийн тухайд хохирлоо 100 хувь барагдуулсан эсхүл барагдуулахаа бодитоор илэрхийлсэн бол төслийн 7 дугаар зүйлд хамааруулж зохицуулах нь зөв. Учир нь энэ төрлийн хэргийн нийгмийн хор аюул нь хохирогч нар эдийн засгийн хувьд хохирсон байдагт оршдог. Тиймээс энэ байдлаар зохицуулах нь хохирогч нарын хохирол бүрэн барагдах, улсын эдийн засагт учирсан хохирол төлбөрийг барагдуулахад чухал ач холбогдолтой. Үүнтэй холбоотойгоор төслийн 9 дүгээр зүйлд байгаа материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүдийг эргэн харах нь зүйтэй. Төслийн 6 дугаар зүйлд байгаа хасагдах ялын хэмжээг хоёр жил гэж заасан нь ач холбогдол багатай. Хасагдах ялын хэмжээг гэмт хэргийн төрөл, хэлбэрээс нь хамааруулан өөр, өөр тогтоох нь үр дүнтэй. Тухайлбал энд 2000 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэх хэрэгтэй. - 9 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдийг сайтар нягталж, нийгмийн хор аюул, учир хохирол, хор уршгийг арилгасан байдалтай нь уялдуулан зохицуулах ёстойг эрхэм гишүүдэд “санал болгосон” байгаа юм.
Ерөнхийдөө “...Тав дахь Ерөнхийлөгчийн уучлалд хүрэхгүй Өршөөлийн хууль болов уу” гэцгээж байна. “...Их санасан газар есөн шөнө хоосон хонов” гэдэг шиг УИХ-ын даргын горьдлого төрүүлсэн мэдэгдэл, улстөрчдийн горьдоосон “шивэр авир”-ын эцэст Өршөөлийн хууль хүлээгсэд “хоосон хонох” уу гэдэг хүлээлт үүсээд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин