Комедиан Амараа : Талбай дээр халдвар хамгааллын дэглэмээ бариад зогссон үйлдлийг хууль зөрчсөн гэж үзээд торгоно, эсвэл 7-30 хоног баривчилна гэнэ
“Comedy Lab” клубийн комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн тангараг өргөдөг өдөр таныг цагдаа нар саатуулж байгаа зураг олон нийтийн сүлжээнд тархсан. Тэр өдөр юу болсон юм бэ?
-Ямар шалтгаанаар намайг саатуулсан гэдгээ хэлээгүй.
-Тухайн үед та цагдаагийн газар очиж мэдүүлэг өгсөн үү?
-Тэгсэн. Надаас мэдүүлэг аваад л өнгөрсөн. Гол шалтгаан нь “Коронавируст халдвар, цар тахлаас сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” гээд урт нэртэй хуультай холбоо асуудал яригдаад байна. Энэ хуулиар жирийн иргэд жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэхийг хорьж байна. Гэхдээ цар тахал гараагүй байхад ч гэсэн үг хэл, үзэл бодлоо илэрхийлэхэд түвэгтэй л байсан шүү дээ.
-Зургадугаар сарын 28-нд “Гашуудал, гацалт” нэртэй плашмоб болсон. Тэнд хичнээн ААН, иргэд ирсэн бэ?
-Тийм. Тэнд жижиг дунд бизнес эрхлэгчид, эмнэлгийн эмч ажилчид, төмөр замын ажилчид, хувцас импортолдог, бүх төрлийн үйлчилгээ явуулдаг байгууллага, хуульчид гээд маш олон төрлийн ажил мэргэжилтэй хүмүүс ирсэн. Гэхдээ бид халдвар хамгааллын дэглэмээ бариад гурван минут л чимээгүй зогсолт хийсэн. Аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь нэг жил зургаан сар хаагдаж, хорионд орсон. Шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг өөрсдийг нь нэг жил зургаан сар ямар ч ажилгүй байлгаж үзэх юмсан гэж бодогдоод байгаа юм. Ямар хэцүү байгааг биеэрээ мэдрэх хэрэгтэй шүү дээ.
Хоёрдугаарт, эрх баригчдын гаргаж байгаа шийдвэрүүд илт ялгаварлан гадуурхсан шинжтэй байна. Яагаад интернэт тоглоом, ресторан, жижиг дунд ААН-үүдийг хаагаад байгаа нь ойлгомжгүй. Тэдгээр газрууд бүгд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиад ажлаа хийе гэж байгаа шүү дээ. Гэтэл 1024 бөх барилдуулна гэхээр халдвар хамгааллын дэглэм ямар ч хамааралгүй болчихдог. Тэнд 1000 хүн хоорондоо харилцана, их эрсдэл дагуулна. Гэтэл жирийн амьдралаа авч явж байгаа хүмүүст төр төмөр нударгаа үзүүлээд байдаг. Энэ байдал үнэхээр шударга бус санагдаж байна. Хүмүүс үүнээс цааш тэвчихээргүй болчихлоо. Машинаа барьцаанд тавьж, бүр хоолны мөнгөгүй болсон байна.
-Таныг Гамшгийн тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцагчаар татаж байгаа гэсэн үү?
-Тухайн өдөр плашмоб хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн хоёр хүнийг торгоно гэж байсан. Нэг нь би, нөгөөх нь Тамир гээд залуу бий. Плашмоб тарсны дараа “Хууль бус үйлдлээ даруй зогсоохыг шаардаж байна” гэсэн бичиг ирсэн. Бичиг ирэх үед бид аль хэдийнэ тарчихсан байсан. Ингээд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст очиж мэдүүлэг өгөх ёстой гэхээр нь очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл Зөрчлийн хуулийн 5.13.2 гэдэг заалт буюу Гамшгийн тухай хууль зөрчсөн бол 500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу 500 мянган төгрөгөөр торгох, эсвэл 7-30 хоног баривчилна гэсэн. Шүүх хурал нь дараагийн долоо хоногт болно. Үнэндээ надад торгуульд төлөх мөнгө ч байхүй, одоо яахаа мэдэхгүй л байна. Гэхдээ үнэндээ энэ Гамшгийн тухай хуулийг хэн зөрчөөд байгаа билээ. Маш тодорхой байгаа шүү дээ. Төрийн байгууллагынхан халдвар хамгааллын дэглэмээ зөрчөөд олон мянгаар нь хүн цуглуулж наадам хийж байхад Гамшгийн тухай хууль зөрчлөө гэж сануулдаг ч үгүй юм байна. Харин иргэддээ ингэж хатуурхдаг. Уг нь бид талбай дээр зогсохдоо дөрвөн метрийн зайтай зогссон буюу халдвар хамгааллын дэглэмээ давуулан биелүүлсэн.
-Коронавируст цар тахал гарснаас хойш хүний эрхийн асуудал ихээр яригдах боллоо. Та үүнд юу гэх вэ?
-УОК, ЗГ-ын тэнэг үйлдлүүд хэрээс хэтэрсэн, ямар ч хяналтгүй мөнгө зарлагадсан, хүний үндсэн эрх, тэр дундаа үг хэлэх эрх чөлөөг хүртэл хааж боосон. Эргээд Засгийн газар, УОК-т хэн ч хариуцлага тооцоогүй. Зөвхөн дайны болон онц байдал зарласан үед зөрчиж болдог эрхийг коронавируст халдварын тухай гэж урт нэртэй хуулиар зөрчиж байна. Өнөөдөр ч намайг энэ хуулиараа дарамтлаад байж байна. Намайг торгоно, хорино гээд байгаа энэ явдал хэн нь хууль мөрдөөд, хэн нь мөрдөхгүй байгааг тод харуулж байгаа үйл явдал боллоо гэж бодож байна. Дарга нарт үйлчилдэггүй, иргэдэд үйлчилдэг хуультай болчихож гэдэг нь энэ жишээнээс маш тод харагдлаа.
Нөгөөтэйгүүр вакцины хоёр тундаа итгэхгүй байгаа бол бид буруу алдаатай зүйл хийчихэж гэдгээ зарла, хэрэв итгэж байгаа бол хоёр тунгаа хийлгэсэн хүмүүсийг зүгээр ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Иргэд ч гэсэн ийм бусармаг зүйлийн хажуугаар битгий дуугүй өнгөрөөрэй. Бусармаг зүйлийн хажуугаар чимээгүй өнгөрнө гэдэг түүний хамтрагч нь болж байгаатай яг адил байдаг.
-Цахим наадам хийнэ гэдэгт та ямар байр суурьтай байгаа вэ?
-Нөхцөл байдлыг “Титаник” кинотой харьцуулж яриад байгаа. Гэтэл тэр онгоцыг ард иргэд биш төр засгийнхан өөрсдөө хөмрүүлчихсэн шүү дээ. Өөрсдөө сонгууль хийж хүмүүсийг бөөгнөрүүлсэн, парад хийсэн, халдвар хамгааллын дэглэмээ зөрчсөн. Бид дарамтлуулаад айж ичнэ гэж байхгүй. Би яагаад үнэн зүйл ярьсныхаа төлөө айж ичих ёстой юм. Харин ч хурцлагдаж байна. Ерөнхийлөгчийн сонгууль гээд бүх аймаг, сум, хот хороодоор битүү коронавирусийн халдвар тараасан. Түүнээс нь болоод хоёрхон сартай хүүхэд нас барлаа, хоёрын хоёр ээж урагтайгаа амь алдлаа. Үүний төлөө хэн ч дуугарсангүй. Бид санаж байгаа, дөнгөж төрсөн эх углааштайгаа гарахад Засгийн газар огцорч байсан. Гэтэл өнөөдөр 500 гаруй хүн нас бараад байхад хэн ч юу ч ярихгүй байна. Үнэнийг хэлсэн хүнийг хорьж цагддаг, шүүхээр оруулж ял шийтгэл өгүүлэх гэдэг бусармаг байж боломгүй. Эцэст нь нөгөө урт нэртэй коронавируст халдварын тухай хуулиа сунгачих юм бол цаашдаа энэ дарангуйлал үргэлжлэх гээд байна. Энэ хууль нь хүний үндсэн эрхүүдийг зөрччихсөн заалттай юм. Энэ хуулиа ядаж цааш нь битгий сунгаасай, өөр хүсэх зүйл алга.