Өөртөө итгэлтэй хүн илүү аз жаргалтай байдаг
ОНЦЛОХ СЭТГЭЛЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД
Өөртөө итгэлтэй хүн илүү аз жаргалтай байдаг. Өөртөө итгэлтэй байхын давуу талыг асуувал ихэнх хүмүүс “амжилт”, “хүндлэл хүлээх” гэж хэлэх байх. Өөртөө итгэх нь амжилтын түлхүүр. Мөн бөгөөд хамгийн чухал нь аз жаргалыг бүтээх юм.
Өөртөө итгэх итгэл нь аз жаргалтай холбогддог. Тиймээс аз жаргалтай байхын тулд өөртөө илүү итгэлтэй байх хэрэгтэй.
Өөртөө итгэх итгэл ба аз жаргалын хоорондын холбоо
2014 онд 200 оюутны дунд явуулсан судалгаагаар өөрийгөө үнэлэх үнэлэмж ба баяр баяслын хооронд эерэг хамаарал байгааг олж тогтоожээ. Өөртөө итгэлтэй байдал нь баяр баяслыг нэмэгдүүлдэг. Ирландад хийсэн бас нэгэн судалгаагаар өөрийгөө үнэлэх нь аз жаргал, амьдралын сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Профессор Рой Баумистерийн “Өөрийгөө үнэлэх нь илүү ажлын идэвхи, амжилт, аз жаргал, эрүүл амьдралын хэв маягийг бий болгодог уу?” хэмээх судалгааны өгүүлэлд 31 улс, 49 Их дээд сургууль, Таван тивийн 31000 коллежийн дунд хийсэн томоохон судалгааны үр дүнг иш татсан байна. Өөрийгөө өндрөөр үнэлэх нь амьдралаас авах сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг хамгийн чухал зүйл бөгөөд өөртөө итгэх итгэл, аз жаргал хоёрын хоорондын уялдаа холбоо нь 47% байдаг гэдгийг тогтоожээ.
Профессор Баумистер энэ талаарх бусад судалгааг харьцуулан өөрийгөө үнэлэх нь аз жаргалыг бий болгодог хэмээн дүгнэжээ.
Мөн нэгэн судалгаагаар өөртөө итгэлтэй болон өөртөө итгэлгүй хүмүүсийг харьцуулан судалсан байна. Судалгааны үр дүнд тэдгээрийн хооронд эрс ялгаа ажиглагджээ. Энд өөртөө итгэлтэй хүмүүс илүү найрсаг харилцаатай, эерэг бодол, өөдрөг үзэлтэй, хүсэл тэмүүлэлтэй байсан бол өөртөө итгэлгүй хүмүүс бүрэг ичимхий, намуухан, сөрөг сэтгэлгээтэй, баяр баясалгүй, идэвхигүй, сэтгэлээр унасан, ямар нэгэн зүйлээс хараат хэмээн тодорхойлжээ.
Өөрийгөө үнэлэх үнэлэмж бага хүмүүс шүүмжлэлд илүү мэдрэмтгий, сэтгэл хөдлөлийн хувьд тогтворгүй, бүтэлгүйтэлд илүү сөрөг хариу үйлдэл үзүүлдэг, сэтгэлийн түгшүүртэй байдаг бөгөөд энэ нь аз жаргалгүй болохтой холбоотой гэжээ.
Өөрийгөө өндрөөр үнэлэх нь сөрөг үйл явдлууд, сэтгэлийн хямралыг даван туулахад тусалдаг.
АНУ-ын Сиэтл, Вашингтоны Их Сургуулийн нийгмийн сэтгэл судлаач, Профессор Жонатан Брауны хийсэн судалгаанд “өөртөө итгэлтэй хүмүүс бүтэлгүйтлийг түр зуурын ухралт, боломж гэж үздэг бөгөөд бүтэлгүйтэлд урам хугардаггүй” гэжээ.
Өөртөө итгэлтэй хүмүүс илүү нээлттэй харилцаатай байдаг
Өөрийгөө үнэлэх үнэлэмж багатай хүмүүс ичимхий зан, ганцаардал, шинэ хүмүүстэй харилцаа холбоо тогтоох хүсэлгүй байдаг.
Өөртөө итгэлтэй хүмүүс эсэргээрээ нийгэмшиж, найз нөхөд, танилын хүрээгээ өргөжүүлэхийг эрмэлздэг. Тэд өөрсдийн үнэ цэндээ итгэхийн хэрээр танилын сүлжээг бий болгохын ач холбогдлыг үнэлж, дэмжиж, олонд танигдах арга зам гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Судалгааны үр дүнд харилцаа нь аз жаргалыг тодорхойлох гол хүчин зүйл бөгөөд илүү чухал ач холбогдолтой хэмээжээ.
Өөртөө итгэлтэй хүмүүс бусдаар үнэлүүлэх арга замыг хайдаггүй
Өөртөө итгэлтэй хүмүүс бусдад таалагдах гэж хичээдэггүй. Тэд өөрсдийн үнэ цэнээ мэддэг тул тэгэх шаардлагагүй гэж үздэг.
Өөрийгөө бусадтай харьцуулах нь аз жаргалгүй, амьдралдаа сэтгэл ханамжгүй, сэтгэл түгшүүртэй байдлын гол шалтгаан болдог. “Би бусдаас илүү байхыг хүсч байна” гэсэн үзэл бодол маш аюултай бөгөөд үргэлж бүх зүйлд сэтгэл ханамжгүй байдаг.
Өөртөө итгэлтэй хүмүүс өөртөө итгэлгүй хүмүүстэй харьцуулахад илүү аз жаргалтай байдаг ч үргэлж аз жаргалтай байдаггүй. Бид бүгдээрээ уналт, бүтэлгүйтэл, тааламжгүй үйл явдлуудтай тулгардаг.
Дээр дурьдсанчлан, өөртөө итгэлтэй хүмүүс сэтгэл хөдлөлийн хувьд илүү тогтвортой, илүү бүтээлч хандлагатай, өөрийгөө илүү ихээр хүлээн зөвшөөрч, хүндэтгэж чаддаг байна.
Дээрх зүйлсээс шалтгаалан тэд амьдралын эерэг талуудад анхаарлаа төвлөрүүлж, танилын хүрээ өргөнтэй, өөрсдийгөө бусадтай харьцуулахаас илүүтэй туршлагаар дамжуулан хөрөнгө мөнгө олохыг эрэлхийлж, өөрийгөө сайжруулж чаддаг. Мөн стрессийг даван туулах чадвар илүү байдаг. Өөртөө итгэх итгэлийн ач тус нь урт хугацааны сайн сайхан байдал, амьдралын сэтгэл ханамж болон хувирдаг байна. Бидний “сайн сайхан амьдрал” гэж нэрлэдэг зүйл нь эргээд баяр баясгалан, амар тайван байдлыг мэдрүүлдэг.