Тураах сунгалт
Магадгүй та сунгалтыг юуны тулд хийдэг бол гэж боддог байх. Сунгаад, татаад, агшаагаад, амраагаад байдаг. Гэвч юуны төлөө юм бэ?
Сунгалтыг турах гол зорилгоор хийдэг гэх маягтай гарчигны ард ЯАГААД хэмээх асуултын хариулт нуугдаж ээ. Яагаад сунгалт хийхээр тураад байна. Яагаад сунгалт хийхээр турсан бие эргэн жин нэмэхгүй байгаа хэрэг вэ?
Учир нь сунгалтын дасгал хийхэд бие организмын эргэлт дагаад сайжирч байдаг. Эргэлт дотроо гурван том баганатай. Бодисын солилцоо, Цусны эргэлт, Дотоод шүүрлийн булчирхайн зохист үйл ажиллагаа юм.
Бодисын солилцоо
Хоол тэжээлээр хүний бие хэвийн явагдаж, өсөж төлжинө. Бие махбодод хэрэгцээт бодисыг үүсгэн шингээх, хэрэггүйг задлан зайлуулах гэсэн эсрэг тэсрэг хоёр үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байх бөгөөд тэдгээрийн нэгдлийг бодисын солилцоо гэнэ. Эл үйл ажиллагаа явагдах мөчид халуун энерги үүсдэг тул бодисын солилцоо сайн явагдаж байна гэдэг.
Цусны эргэлт
Цусны эргэлт нь хүнснээс авсан хэрэгцээт шим тэжээлийг эд эсэнд дамжуулах үүрэгтэй. Цусны эргэлт сайжирснаар бие эрхтэн маань хөрч, хавагнахгүй, өтгөн хатахгүй.
Дотоод шүүрлийн булчирхай
Мэдрэлийн тогтолцооны нөлөөгөөр хүний биед зайлшгүй хэрэгцээтэй шүүрэл ялгаруулдаг эрхтнийг дотоод шүүрлийн булчирхай хэмээн ерөнхийд нь ойлгож болно. Ямар нэг өвчин эмгэгийн үед цочин томордог булчирхай бол тунгалагийн булчирхай. Харин шүүрэл ялгаруулагч булчирхайнууд биеийн тодорхой хэсгүүдэд байрладаг ба шүүрэл нь шууд цусанд орж биеэр тархан шаардлагатай хэрэгцээг зохицуулдаг юм. Шүүрлийн ялгарах хугацаа болон хэмжээг хүний тархи удирддаг. Өөрөөр хэлбэл, мэдрэл, булчирхай хоёр харилцан хамааралтай ажилладаг гэсэн үг. Энэ зохицолгоо алдагдвал булчирхайнаас ялгардаг шүүрэл нэмэгдэх, дутагдах, эсвэл огт ялгарахаа больж, шүүрлийн нөлөөллөөр зохицогдож байдаг биеийн хэвийн үйл ажиллагаа тасалдах ба өвчин эмгэг үүсдэг.
Таргалахгүй, ядрахгүй, хөрөхгүй СУНГАЛТ хийхийн ач тус
1) Бодисын солилцоо сайжирч өөх шатна.
2) Цусны эргэлт идэвхжиснээр эцэж сульдахгүй, биеийн эсэргүүцэл сайжирна.
3) Мэдрэлийн эс, системтэй холбогдох тул хүчтэй сэтгэлзүйг бэлэглэнэ.
4) Биеийн ерөнхий галбир засагдана.
5) Хөрөх өвчнөөс салдаг байх нь ээ.
Мөн урт амьсгал авч дадахад цусны эргэлт сайжиран, бие мах бодь халж байдаг.
За тэгвэл хэр хугацаанд сунгалт хийж байж үр дүн харагдах вэ гэдэг асуулт гарч ирнэ дээ.
Номд бичсэнээр 1 долоо хоног хийгээд харахад мэдэгдэхүйц өөрчлөлт гарахыг бичжээ. Гэхдээ үзэгдээд өнгөрөх үр дүнгийн төлөө биш, 10 жил 20 жилийн дараах эрүүл, золбоолог биеийг бүтээхийн тулд өдөрт 10 хан минут боловч сунгалтын дасгал хийж байгаарай.
Сунгалт хийхдээ анхаарах зүйлс
1) Урт амьсгалах
2) 10 секунд барих
3) Хэт хүчлэхгүй байх
4) Ганц дасгал ч байсан хамаагүй өдөр бүр үргэлжлүүлэх
Таны биеийн эргэлт сайн эсэхийг хэрхэн мэдэх вэ?
*Муруй нуруу, хавчиг мөртэй байна уу? Биеийн ерөнхий хэлбэр тэгш байгаа үгүйг шалгаарай.
*Даарч хөрч байна уу? Богино хугацаанд шээж байна уу?
*Амьсгал ахар байна уу? Түргэн уурлаж бухимдаж байна уу? гэдгээ анзаарахад болно. Сунгалтын дасгалыг хийхэд эдгээрээс ангижруулахад тань тусалдаг байх нь.
Эдгээрийн талаар болон, чухам яаж хийх арга замыг номд дэлгэрүүлэн зааж зөвлөснийг энд нэг бүр дурдалгүй орхиё. Гэвч бидэнд дагаад хийх интернэт орчин бий шүү дээ. Учир шалтгааныг нь мэдээд хийх, мэдэхгүй хийх хоёрын зааг ялгаа том байх.
Эх сурвалж: Ээнэгийн тэмдэглэл