Жорж Флойдыг өвдөглөсөн цагдаа 22 жилийн ял авлаа. “Монгол Флойд”-ыг завжилж яргалсан цагдаа ямар ял авах вэ?
Америкийн цагдаа Дерек Шовин хар арьстан Жорж Флойдыг хүзүүн дээр нь өвдөглөн дарсаар үхэлд хүргэсэн. Үүнийг Америк даяараа эсэргүүцэн жагсаж улсаа нураачих шахлаа. Хэргийн эзэн цагдаагийн офицерт өнгөрсөн баасан гаригт 22,5 жилийн ял оноов. АНУ-д цагдаад ийм өндөр ял оноосон нь үнэн хэрэгтээ санаанд оромгүй үйл явдал юм. Зүй нь тус улсад цагдаа шиг эрх дархтай төрийн тусгай үүргийн ажилтан байхгүй. Зогсоосон жолооч эвгүй үйлдэл гаргавал цагдаа газар дээр нь буудах эрхтэй улс гэдгийг манайхан мэднэ. Гэтэл энэ удаад юу болов, яагаад ийм өндөр ялыг цагдаад оноов хэмээн олныг гайхшируулж байна. Баривчилгааны үеэр хамт байсан цагдаагийн гурван албан хаагчийг ч эрүүгийн хэрэгт татжээ. Тэднийг хүн амины хэрэг үйлдэхэд дэмжин тусалсан гэж буруутгасан байна. Хамгийн гол нь энэхүү оноосон ялын үзэл баримтлал нь иргэдийн эрхийн төлөө цагдаа ажиллах ёстой, иргэдийн төлөө хууль үйлчлэх ёстой гэсэн шинэ зарчим үйлчилсэнд байгаа юм билээ. Энэ талаар Олон улсын хүний эрхийн байгууллагууд өнөөдөр ид бичиж, ярьж байна.
Тэгвэл Монголд өнөөдөр ямар байна вэ, цагдаа-иргэдийн хооронд юу гээч болж байна вэ. Жагсаж цуглаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, нэгдэн нийлж байгаа хүмүүсийг хэдийдээ ингэж их барьж, хорьдог болчихов. Саяхан л өнөөдөр Ерөнхий сайд болчихсон байгаа Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нар төв талбай дээр жагсаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаагүй бил үү. Тэгсэн тэднийг эрх баригчид болсон өдрөөс эхлэн цагдаа нар талбай дээр хүн гаргахаа байлаа. Гарч ирсэн бүгдийг өдөр шөнөгүй, өглөө оройгүй араас нь элдэн хөөж, орон гэрээс нь хүртэл гавлан баривчилж, ээж аав, эхнэр хүүхдүүдийг нь уйлуулан, эгээтэй л 1937 оны ногоон малгайтнууд шиг загнах болов. Тэртээх хэлмэгдүүлэлтийн аймшигт он жилүүдэд Монголын сортоотой гэсэн аавын хүү болгоныг баривчлан тарчлааж байсан дүр зургийг өнөөдөр санагдуулж эхлэв.
Чирч гулдарч, гар хөлийг нь мушгиж, хоёр чихнээс нь зулгааж, машины хаалган дээр нугасаар нь хөшиж байгаа хэдэн арван цагдаагийн үйлдлийг өнөөдөр бид харж сууна. Сая Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр төв талбай дээр наадам, цэргийн парадыг эсэргүүцэн, зүгээр л нэг цаасан плакат барьж, тайван жагссан иргэн Д.Монголхүүг 10 орчим цагдаа нийлж “алах” шахлаа. Ам руу нь гараа оруулан, завжнаас нь хойш цуу татаж хаях шахав. Монголын цагдаа чинь ямар айхавтар түрэмгий болоо вэ. Ядаж тэр хууль, дүрэм журмаараа баривчилгаа хийж, тусгай арга барил, мэргэжлийн ур чадвар, тусгайлсан багаж хэрэгсэл ашигладаггүй юм уу. Ямар арчаагүй болчихсон юм бэ. Иргэн Д.Монголхүү рүү дайрч байгаа олон цагдааг харахад шууд л хүний эрхэд халдсан үйлдэл харагдаж байна. Д.Монголхүү нь цагдаагийн баг дайрч баривчлах яг ямар гэмт үйлдэл өдөөсөн хүн юм бэ. Зүгээр л бичигтэй цаас бариад зогссон хүн юм биш үү. Тэрээр Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулинд “Иргэн хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх, жагсах цуглах эрхтэй” гэж тодорхой заасныг хүн бүр мэднэ. Үндсэн хуулиар олгогдсон энэ эрх чөлөө өнөөдөр хаашаа алга болов. Өнөөдрийн эрх баригчид яагаад Үндсэн хуулийг уландаа гишгэн цагдаа хүчний байгууллагыг ард түмнийх нь эсрэг хөдөлгөнө вэ.
Сүүлийн үед монголчууд эрх баригчдаас илүүтэй цагдаа нартай тэмцэлддэг болсоор удлаа. Монголын цагдааг хууль биелүүлдэг, ардын цагдаа гэдгийг мэдрүүлэх цаг болжээ. Цагдаа бол хуулийн хэрэгжилтийг сахин биелүүлдэг болохоос биш эрх баригчдын үгийг нь биелүүлдэг газар биш. Ингэх л юм бол та нар Дотоод яамны ногоон малгайтнууд болно. Энэ чигээрээ цааш явбал тодорхой цаг хугацааны дараа цагдаа нар аав ээжийгээ, ах дүүсээ, анд нөхдөө дайчлан баривчлах тушаалыг эрх баригчдаас авах болно. Бид ийм нийгэм рүү явж болохгүй. Ерөөсөө өнөөдөр Хэнтийн цагдаа, Монголын цагдаа баймааргүй байна. Хэнтийгээс төрийн өндөрлөгүүд сонгогдсон байж болно, гэхдээ Хэнтий гарвалтай, тэнд дарга цэрэг байсан, Хэнтийн нөхдүүдтэй холбоотой байдаг чинь ард түмнийхээ эсрэг ажиллах шалтгаан байж болохгүй, цагдаагийн дарга нар аа. Дахин хэлье, Хэнтийн улстөрчдийн үүрэг даалгаврыг биелүүлдэг цагдаа биш, Монголын цагдаа байж, ард түмнийхээ амгалан тайвны манаанд шударгаар зогс.
Бүх үйлдэл чинь ард түмний нүдэн дээр ил тодорхой байна шүү дээ. Цагдаагийн байгууллагын дарга нарын хэн нь, хэний тушаал заавар, үг даалгавраар хөдөлж, иргэдийг баривчилж, дарамталж байгааг бүгд харж байна. Эрээ цээргүй байна, Монголын цагдаа. Энэ мөчөөс эхлэн эрх баригчдын эрх ашигт илэрхий үйлчилсэн, үгэнд нь орсон цагдааг хуулиар шийтгэдэг болъё. Ял зэмлэл хүртээж “Та бүхэн өөрсдөө хуулийн буулган дор амьдарна. Эрх зүйт төрийн албан хаагчид болохоос эрх баригчдын гар хөл биш” гэдгийг нь ойлгуулъя. Ингэхгүй бол даргын үг хууль гээд ойлгочихсон мунхаг цагдаагийн хар масстай болоход ойрхон байна.
Төв талбай, С.Зоригийн хөшөөний дэргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, үг хэлэх эрх чөлөөгөө эдэлсэн цөөнгүй хүнийг цагдаагаас өнгөрсөн долоо хоногт саатуулсан. Тэдний дунд үргэлж ардчиллын үнэр ханхлуулдаг, үнэт зүйлс ярьдаг комедиан Д.Амартүвшин, Д.Монголхүү, С.Одбаяр нарын залуус байна. Тэд дуугарч байгаа нь өөрөө Монголын ардчиллын дархлаа болчихсон цаг үе ирээд байна шүү дээ. Эдгээр залуус цагдаад нухчин дарагдах юм бол, эдэн шиг туг болон дэрвэсэн залуу үе байхгүй болчих юм бол өнөөдөр Монгол Улс ардчилсан орон гэж яриад яах юм. Тэдний оронд хэн гарч ирж өнөөдөр нэгэнт нэг намын хяналтад орсон Монголд хүний эрх, эрх чөлөө ярих юм. Ард түмэн сайн дураараа нэгдэж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх үйл явц МАН засаг барьж буй он жилүүдэд өдөр бүр өрнөж байх ёстой. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнд онцгой ач холбогдол өгч байх цаг үе.
Ингэхгүй бол эцэстээ хүний аминд хүрсэн цагдаа нар ч мартагдахад хүрлээ. Өнгөрсөн 2020 оны намар Төв аймгийн Угтаалцайдам сумын төвд “Ёл тариа” компанийн захирал П.Галбадрахын амь насыг хоёр цагдаа нийлж хөнөөсөн. Компанийнхаа ажилчдын хүнсийг бэлтгээд явж байсан түүнийг тус сумын цагдаа н.Ууганбаатар, н.Өлзийжаргал нар баривчилж, улмаар зодож, ухаан алдахаар нь нүүр рүү нь ус цацаж сэргээж байгаад нүдсэн байдаг. Кинон дээрээс л хардаг үзэгдэл биз дээ, ус цацах чинь. Монголын тэр хоёр цагдаа П.Галбадрах агсныг Угтаал-Баянхайрхан хоёр сумын хооронд, хээр аваачиж байгаад ингэж тамалж хөнөөсөн нь одоо жирийн нэг байдаг л хэрэг болсон уу. Өнөөдөр тэдгээр хүн амины хэрэгтэй цагдаа нар яасан, ямар ял авсан нь тодорхойгүй. Мэдэж байгаа хүн ч Монголд алга. Монголын цагдаа ийм болоод тодорхой цаг хугацаа өнгөрлөө, өнөөдөр эрчээ авч байна. Эцэстээ энэ бүхэн юунд хүрэх бол...
Дэлхийн улс орнууд өөр болж байна. Улс орон бүхэн хүчний байгууллагуудынхаа үйл ажиллагаа, хуулиар олгогдсон эрх мэдлийг хязгаарлах дээр онцгой анхаарч эхэллээ. Үүний нэг тодорхой жишээ нь сая 22,5 жилийн ял авсан Америкийн цагдаагийн офицер Дерек Шовин юм. Шүүгч Питер Кэхилл хэлэхдээ "Энэ хэргийг албан тушаалаа урвуулан ашиглаж, онц хэрцгий аргаар үйлдсэн. Ийм тохиолдолд оноодгоос илүү хатуу шийтгэл ногдуулсан" гэж хэлсэн байна лээ. Цагдаагийн офицер Дерек Шовины үйлдлээс болж АНУ даяар олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн, эмх замбараагүй байдал үүссэн нь өнөөдөр хаана ч давтагдаж болно. Монголчууд дэлхийн нэг хэсэг гэдгийг Монголын цагдаа санаж явах хэрэгтэй. Нас барсан Форж Флойдын гэр бүлийн хуульч Бэн Крамп хэлэхдээ “Өвдөлт мэдэрсний эцэст шударга ёсыг олж авлаа. Энэ бол хууль сахиулах албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн том дохио, АНУ-ын түүхэн дэх эргэлтийн цэг боллоо” гэж онцолсон байгаа юм. Амь насаа алдсан Жорж Флойд “Намайг үнэхээр уучлаарай, эрхэм ээ. Миний буруу” хэмээн гуйсан бичлэг нийтэд цацагдсан. Цагдаа огт тоохгүй нугасан дээр нь дарсаар байгааг дэлхий харсан. Тэрээр амиа алдах хүртлээ “Эрхэм ээ, би амьсгалж чадахгүй байна” гэж хэлсээр байгааг дэлхий сонссон. Монгол ийм хүний үнэргүй цагдаатай болох гээд байгаа юм уу. Тэр бичлэгээс түүнийг ямар нэгэн аюул учруулахаар нэгэн биш байсныг бүгд харсан юм. Хэрэв бичлэг тараагүй бол цагдаагийн зөв болох байлаа.
Америкийн цагдаад алуулсан Жорж Флойд бол тийм ч цэвэр нэгэн байгаагүй байж ч мэднэ. Гэвч хуулиараа түүний хувь хүний эрх чөлөөг дээдлэн үзэж цагдаад ял оноосон. Тэгвэл Угтаалын цагдаа нарт алуулсан П.Галбадрах бол нэр төртэй хүн байсан юм. Төрийн хоёр том одонтой, аварга тариаланч хүн. Бас аж ахуй эрхлэгч, ажил олгогч нэгэн байж. Ийм хүний амийг бүрэлгэсэн Монголын цагдаа зүгээр үү... Ийм цагдаатай цааш явбал, эрх баригчдын үгийг л зөвхөн биелүүлдэг төрийн бүтэц бэхжиж, цагдаагийн дэглэм тогтоно. Үүгээр л дутаж гэнэ дээ, монголчууд...