Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын рок хамтлаг The HU хамтлаг энэ намар Хойд Америкаар аялан тоглохоо зарлалаа. Тоглолт 9 дүгээр сард эхэлж, Хойд Америк болон Канад улсын нийт 32 муж, хотоор аялан тоглох нь. Тус хамтлаг өнгөрсөн онд домогт "Metallica" хамтлагийн 1993 онд бүтээсэн “Гунигтай ч үнэн” дууг хүннү рок хэв маягаар шинэчлэн бүтээж тоглосон нь олны сонирхлыг татаад байсан. Тэд энхүү дууны анхны хувилбарыг гажуудуулсан зүйлгүй ч монгол хэлээр, үндэсний хөгжим, хөөмийг хослуулсан нь сонсогчдод шинэ мэдрэмж төрүүлсэн байна.
Нэмж өгүүлэхэд, “Yuve Yuve Yu” дуу нь “Billboard” жагсаалтын Hard rock дижитал дууны борлуулалтаар долдугаар байранд жагссан амжилт гаргасан бол, “Wolf totem” дуу нь “Hot rock songs” чартын 22 дугаарт бичигдэж байв. Түүгээр ч зогсохгүй, тэдний гаргасан анхны “Гэрэг” цомог нь хагас сарын дотор борлуулалтаар Billboard-ын жагсаалтыг тэргүүлж байв.
Үүний зэрэгцээ хамтлаг “The Metallica Blacklist” төслийн хүрээнд удахгүй гарах “Black Album”-д нэр нь багтсан “Through the Never” дууг хүннү рок хувилбараар шинэчлэн гаргахаар боллоо. “The Metallica Blacklist” төслөөр дамжуулан Элтон Жон, Майли Сариус, Фиби Брижс, Хү тэргүүтэй уран бүтээлчид болон Metallica хамтлагийн “All Within My Hands” сангийн сонгосон буяны үйлд зарцуулах мөнгийг цуглуулах ажээ.
Тэднийг монгол үндэстний язгуур хөгжмийн зэмсгийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж түүнийгээ "Хүннү рок" гэж тунхагласныг дэлхийн рок сонирхогчид мэддэг болсон.
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг