Хойд солонгосчууд Ким Жон Ун турсан явдалд санаа зовж байна
Өнгөрсөн баасан гарагт Хойд Солонгосын төрийн өмчит сувгаар Пхеньян хотын нэгэн оршин суугчаас авсан ярилцлага гарсан ба уг ярилцлагадаа тухайн иргэн хойд солонгосчууд удирдагч Ким Жон Ун нь турсан харагдаж буйд "сэтгэл нь өвдөж" байгаа тухай дурджээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт Хойд Солонгосын удирдагч мэдэгдэхүйц турсан харагдаж байгаа нь олны анхаарлыг татаад байгаа билээ.
Пхеньяны зүгээс үе үеийн удирдагчдынхаа биеийн байдал, эрүүл мэндийн талаар чандлан нууцалж ирсэн ба удирдагч Ким Жон Уны турсан явдлыг төрийн өмчит сувгаар дурдсан нь олон улсын ажиглагч нарыг гайхшруулж байна.
Зарим мэргэжилтнүүд Ким Жон Уны турсан явдлыг талаар төрийн өмчит сувгаар дурдсанаараа Хойд Солонгосын эрх баригчид удирдагч Ким Жон Ун улсынхаа нөхцөл байдал, иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах биеэ үл хайрлан зүтгэж байна гэсэн санааг төрүүлэхээр зорьж байж ч болзошгүй гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар Хойд Солонгосын нөхцөл байдал хүнд байгаа ба энэ сарын эхээр болсон хурлын үеэр Ким Жон Ун хоол хүнсний хомсдол үүсээд буй талаар онцолсон билээ. Газар тариалангийн салбар өнгөрсөн жил болсон шуурганы улмаас их хэмжээнийй хохирод амссан ба хомсдолд ороод буй дотоодын бараа бүтээгдэхүүнийг импортын бараа бүтээгдэхүүнээр орлуулах явдал ч хүндрэлтэй байгаа аж.
Учир нь коронавирусын цар тахал эхэлснээс хойш Хойд Солонгос хилээ хаасан ба Хятадаас импортлодог бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт өнгөрсөн 5-р сард өмнөх сараасаа 90 хувиар буурсан үзүүлэлттэй байжээ.
Удирдагч Ким Жон Ун хоол хүнсний хомсдлын талаар тодорхой статистик, тоо баримт дурдаагүй ч НҮБ-ын Хүнс, газар тариалангийн байгууллагын тооцоогоор Хойд Солонгост хүнсний 860 мянган тоннын нөөц үлдсэн нь ердөө 2 сар хэрэглэхэд хүрэлцэхүйц хэмжээ аж.
Пхеньянд цагаан будаа, шатахууны үнээс бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дундаа элсэн чихэр, шар буурцагны тос, гурилын үнэ огцом нэмэгдээд байгаа гэнэ. Жижиг савлагаатай хар цайны үнэ 70 ам. доллар, нэг уут кофе 100 гаруй ам. долларын үнэд хүрч байгаа аж.
Эх сурвалж: BBC