Д.Сумъяабазар: Богд уулын асуудлыг хот дангаараа дийлэхгүй юм билээ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Туул гол дагуу болон Богд уулын аманд олгосон газар олголт, үүсээд байгаа асуудлыг хот дангаараа дийлэхгүй бөгөөд УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэх нь зүйтэй гэлээ.
Хотын дарга Д.Сумъяабазар “Туул гол, Богд уултай холбоотой асуудлууд дээр нийслэл хот болон салбар яам хооронд асуудал үүсдэг. Богд уулын ам болгон орон сууцны хороолол болсон. Дархан цаазат газар газар олгосон, орон сууц барьсан хэмээн эдийн засгийн эргэлтэд орохгүй, гэрчилгээ бичиж өгөхгүй гэж байна. Эцэст нь иргэд хохирч байна. Богд уулын асуудлыг УИХ-аар л шийднэ. Ярилцаж, нэг талд нь гаргахгүй бол Богд уулын асуудлыг хот ганцаараа дийлэхгүй юм билээ. УИХ-тай хүч нийлж, бодлогоор шийдэх ёстой. Туул гол Улаанбаатар хотод байдаг хэдий ч хотын мэдлийнх биш. Богд уул, Туул голын асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам шийддэг” гэсэн юм.
УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй уг хуулийн төсөлд нийслэл нь эдэлбэр газартай, эдэлбэр газар нь бүсчлэл, дүрэмтэй байх бөгөөд бүсчлэл, дүрмийг Засгийн газраас тогтоосон шалгуур үзүүлэлтийг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлах, нийслэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болохын хувьд Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд заасан чиг үүргээс гадна нийслэл хотын хувьд хэрэгжүүлэх тусгай болон хотын аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх бусад чиг үүргийг төсөлд тодорхойлсон байна.
Мөн нийслэл хот өөрийн дүрэмтэй байх бөгөөд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, автозогсоол, автозамын арчлалт хамгаалалт, шашин, соёлын үйл ажиллагаа, аялал жуулчлалын байгууллага, зочид буудлын үйл ажиллагааны бүртгэл, зэрэглэл тогтоох, мал, тэжээвэр амьтны зохицуулалт, такси, хүргэлтийн үйлчилгээ, нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны ашиглалт зэргийг тусгасан уг дүрмийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар зохицуулжээ.