Вакцинжуулаагүй бол өдийд 1000 Монгол хүн нас барах байжээ
Коронавирусын эсрэг вакцины үр дүн өндөр байгаа нь нотлогдсоор байна. Вакцин хийлгэсэн хүн халдвар авсан ч хүндээр өвдөх, цаашилбал амиа алдах эрсдэлээс хамгаалагдаж байна. Энэ нь дотоод гадаадын эрдэмтдийн судалгаа, бодит байдлаас харагдаж байгаа юм. Олон улсад 75-95 хувь, Монгол Улсад 85-95 хувийн нөлөө үзүүлж байгааг ЭМЯ-наас мэдээлсэн.
Манай улсад коронавирусын хүндрэлээр амиа алдаж буй хүмүүсийн 95 хувь нь вакцин огт тариулаагүй байжээ. Тиймээс Засгийн газар, Улсын онцгой комисс вакцин хийлгээгүй үлдсэн хүмүүсийг “Вероселл”, “АстраЗенека”, “Пфайзер” гэх гурван төрлийн вакцинаас сонгохыг уриалаад байна.
Одоогоор манай улсад коронавирусын эсрэг вакцины 3,6 сая тун тариад байна. Үүнээс хоёр дахь тунг 1.4 сая хүн байгаа юм.
Харин Засгийн газар, Улсын онцгой комиссоос өдгөө хүн амын 53 орчим хувийг вакцинжуулж чадаагүй бол өдийд юу болох байсан бэ. “Ковакс”-ийн шугамаар Энэтхэгээс гуравдугаар сард ирсэн 150 мянган тун вакцинаас өөрийг нэмж авчраагүй бол яах байсан бэ. Угаасаа “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд ядуу орнуудын хүн амд хүрэлцэх хэмжээний тунг нийлүүлж чадахгүй байгаагаа ДЭМБ мэдэгдчихээд байна.
Хэрвээ вакцинжуулалт хийгдээгүй бол өнөөдөр Монгол Улс маш их хохирол амсахаар байв. Энэ талаар ЭМЯ, ОБЕГ-ын судлаач эрдэмтдийн хийсэн тооцоолол хийжээ. Вакцинжуулаагүй бол өдийд 1000 монгол хүн коронавирусын халдвараар нас барах байжээ. Мөн энэ оны есдүгээр сарын 1 гэхэд нэг сая хүн халдвар авч, 6000 хүн нас барах байсан. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 1 гэхэд 8000 хүн нас барах байсныг эрдэмтдийн тооцоолол хэлж байна.
Ер нь бол сүүлийн үед дэлхийн улс орнууд коронавирусын шинэ хэлбэр бүхий халдварт өртөөд байна. Маскаа бараг “тайлаад” байсан Израйль д өнгөрсөн долоо хоногийн эхнээс халдварын тархалт огцом нэмэгдлээ. Израйль улсын хүн амын 60 хувь нь вакцинд хамрагдаад байсан. Гэвч вирусын шинэ хувилбар тарснаар дахин хорио цээрийн дэглэмдээ шилжих талаар ярьж эхлээд байна.
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин