Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2432 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Ингэснээр манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 109 694 болж байна. Шинэ тохиолдлуудын 2428 нь дотоодын халдвар, эмнэлгээс шалтгаалах 3, зөөвөрлөгдсөн 1 байна. Халдварын 1519 нь Улаанбаатар хотод, 909 нь орон нутагт батлагджээ.
Түүнчлэн “КОВИД-19”-ийн нэн хүнд хэлбэрээр 13 хүн өчигдөр нас барснаар нийт 518 хүн эндээд байна. Харин өчигдөр 586 хүн эмнэлгээс, гэрийн хяналтаас 621 хүн гарснаар нийт 69 958 эдгэрчээ.
Одоогоор коронавируст халдвартай нийт 14 138 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 241 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин 1095 нь хүнд, 3352 нь хүндэвтэр, 9450 нь хөнгөн гэж оношлогджээ. Өнөөдрийн байдлаар 25 052 иргэн хөнгөн оноштойгоор гэртээ эмчлүүлж байна.
Ташрамд дурдахад, энэ долоо хоногт 16 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс иргэдийг олон хүн цугласан газраар явахгүй байх, амны хаалтаа зүүж, гараа ариутган халдвар хамгааллын дэглэмээ сахихыг ЭМЯ-наас анхааруулав. Мөн сүүлийн 7 хоногт хүүхэд, жирэмсэн эмэгтэй халдвар авах нь нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 575 жирэмсэн эмэгтэй, 2454 хүүхэд байгаа аж.
Эх сурвалж: Монцамэ