Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-аас 2021 оны долдугаар сарын олон улсын нислэгийн хуваарийг гаргасан байна. Олон улсын нислэгийн хуваарь гарсантай холбогдож ИНЕГ-аас иргэд, зорчигчдод зориулсан мэдээлэл, санамж, анхааруулгыг хүргэж байна.
Тусгаарлан ажиглах байр шаардлагагүй зорчигчид буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, “Ковид-19” халдвараар өвчлөөд эдгэсэн зорчигчдын тоо нэг аялал гүйцэтгэхэд хангалттай бүрдсэн тохиолдолд хүсэлт гаргасан агаарын тээвэрлэгчид нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой.Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана уу.
Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсэж болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байна. Энэхүү хуваарь нь “Ковид-19” цар тахлын тархалтаас хамааран үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөх боломжтой.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанаас шалтгаалан нислэгийн цаг хойшлох магадлалтайг анхаарна уу хэмээжээ.