The New York Times: Хятадын вакцинд найдсан Монгол зэрэг орнууд коронавирусын халдварын дэгдэлттэйгээ тэмцэж байна
Хятадад үйлдвэрлэсэн коронавирусын эсрэг вакцины тусламжтайгаар хүн амынхаа дийлэнхийг нь дархлаажуулсан Монгол улс иргэддээ "КОВИДгүй зун" амлаж, Бахрейн улс удахгүй хэвийн амьдралдаа орно гэж мэдэгдэж, Сейшелийн арлууд эдийн засгаа сэргээх зорилго тавьсан. Гэтэл өнөөдрийн байдлаар эдгээр орнуудад коронавирусын халдварын тархалт огцом нэмэгдээд байна.
Хятадад үйлдвэрлэсэн коронавирусын эсрэг вакциныг иргэддээ хийсэн хэд хэдэн орны жишээнээс харахад Хятадын вакцин нь коронавирус болон коронавирусын шинэ хувилбарын халдварын тархалтаас сэргийлэхдээ үр дүн муутай нь харагдаж байна.
Сейшелийн арлууд, Чили, Бахрейн, Монгол гэсэн 4 оронд хүн амынх нь 50-68 хувь нь коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдаж, коронавирусын эсрэг дархлаажуулалтаараа дэлхийн олон орныг ардаа орхисон.
Тэгвэл Хятадын Синофарм болон Синовак компаниудын коронавирусын эсрэг вакцин голчлон хийгдсэн дээрх 4 улс нь коронавирусын халдварын тархалт хамгийн өндөр байгаа 10 орны жагсаалтыг сүүлийн хэдэн долоо хоногт тэргүүлсээр байна.
Хонгконгийн их сургуулийн вирус судлаач Жин Доньян, "Хэрэв тухайн вакцин нь үр дүн сайтай бол хүн амын дунд халдвар ийм хэмжээнд тархах ёсгүй. Хятадын эрх баригчид үүний хариуцлагыг үүрэх ёстой." гэжээ.
Коронавирусын шинэ хувилбар, хөл хорионы дэглэмийг эрт сулруулсан мөн вакцины эхний тунгаа хийлгээд иргэд тайвширч, халдвар хамгааллын дэглэмээ дагаагүй зэрэг нь халдварын тархалт нэмэгдэх шалтгаан болж байгааг эрдэмтэд онцолж байна.
АНУ-ын хүн амын 45 орчим хувь нь коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан ба иргэд нь Pfizer болон Moderna компанийн вакциныг хийлгэсэн билээ. Сүүлийн 6 сарын хугацаанд АНУ-д коронавирусын халдварын тохиолдлууд бүртгэгдэх явдал 94 хувиар буурчээ.
Pfizer компанийн вакциныг иргэддээ хийсэн Израиль улсын хүн ам коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан байдлаараа Сейшелийн арлуудын дараа дэлхийд 2-т бичигдэж байгаа ба өнөөдрийн байдлаар тус улсад өдөрт бүртгэгдэж буй коронавирусын халдварын тохиолдлуудын тоо саяд 4.95 гэсэн үзүүлэлттэй байна.
Гэтэл Хятадын Синофарм компанийн вакциныг иргэддээ хийсэн Сейшелийн арлуудад дээрх үзүүлэлт саяд 716 гэж гарчээ. Үүнээс харахад дэлхийн улс орнуудыг 3 хувааж болохоор байна. Үүнд Pfizer болон Moderna компаниудын коронавирусын эсрэг вакциныг худалдаж авах, хадгалах хүчин чадалтай өндөр хөгжилтэй баян орнууд, иргэдээ коронавирусын эсрэг вакцинд хамруулж чадахгүй байгаа ядуу орнууд болон хүн амынхаа дийлэнхийг нь вакцинд хамруулсан ч халдвараас бүрэн хамгаалж чадахгүй байгаа орнууд гэж ангилах боломжтой юм.
БНХАУ болон Хятадад үйлдвэрлэсэн вакциныг хэрэглэсэн дэлхийн 90 гаруй орон дээрх ангиллын 3 дахь төрөлд багтах өндөр магадлалтай байгаа ба эдгээр орнууд нь дахин олон сарын турш нэг хөл хорионоос нөгөө хөл хорио руу шилжиж, өдөр тутмын амьдралаа хязгаарлах явдалтай нүүр тулах шаардлагатай болж байгаа юм.
Дээрх улс орнуудын эдийн засаг хямарч, иргэд нь коронавирусын эсрэг вакцины үр дүнд эргэлзэж эхлэх ба иргэдийг вакцинд хамруулах нь улам л хүндрэлтэй болох юм. Уурхайд ажилладаг 31 настай Б. Отгонжаргал коронавирусын эсрэг вакциндаа бүрэн хамрагдсан ч коронавирусын халдвар авч, нийслэл Улаанбаатарын нэгэн эмнэлэгт 9 хоножээ. Тэрээр Монголын олон тооны иргэдийн адилаар коронавирусын эсрэг вакцины үр дүнд эргэлзэж эхэлжээ.
Хятад улстай хиллэдэг Монгол улс Синофарм компанийн коронавирусын эсрэг вакцины олон сая тунг авч чадсан ба дархлаажуулах аянг шуурхай эхлүүлж, онцгой байдлын дэглэмээ сулруулсан билээ. Өнөөдрийн байдлаар тус улсын хүн амын 52 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан ч тус улсад өнгөрсөн ням гарагт л гэхэд коронавирусын халдварын 2400 тохиолдол бүртгэгдсэн нь 1 сарын өмнөх үзүүлэлтээс 4 дахин нэмэгдсэн явдал байв. Хятадын Гадаад хэргийн яамнаас Монгол улс дахь коронавирусын халдварын тархалт болон Хятадад үйлдвэрлэсэн вакцин хооронд холбоо байхгүй хэмээн мэдэгджээ.
Түүнээс гадна Хятадад үйлдвэрлэсэн коронавирусын эсрэг вакцин нь халдвар авахаас сэргийлэхээс илүү халдвар авсан иргэдийн биеийн байдал хүндрэхээс сэргийлэх тал дээр өндөр үр дүнтэй байгааг онцолжээ. Ямар ч вакцин халдвараас 100 хувь хамгаалахгүй бөгөөд Pfizer-BioNTech, Moderna компаниудын вакцин коронавирусын халдвар авахаас 90 гаруй хувь, AstraZeneca, Johnson & Johnson компанийн вакцинууд ойролцоогоор 70 хувиар тус тус хамгаалж байгаа нь судалгаагаар тогтоогдоод байгаа билээ.
Нөгөө талаас Хятадын Синофарм компанийн вакцин 78.1 хувь, Синовак компанийн вакцин 51 хувь хамгаалж байгаа аж. Хятадын эрх баригчид анх хүн амынхаа 70 хувийг коронавирусын эсрэг вакцинд хамруулснаар хүн амын дунд сүргийн дархлаа үүснэ гэж мэдэгдэж байсан бол өнөөдөр эрдэмтэд нь сүргийн дархлаа тогтоохын тулд хүн амынхаа 80 хувийг вакцинд бүрэн хамруулах шаардлагатай гэж үзэж байна.
Чилид хийсэн судалгаагаар Синовак компанийн коронавирусын эсрэг вакциныг хийлгэсэн иргэд коронавирусын халдвар авах магадлал нь Pfizer, Moderna компаниудын вакцинаас өндөр байгаа нь тогтоогджээ.
Эх сурвалж: https://news.yahoo.com/relied-chinese-vaccines