Монгол залуусыг ажиллуулна гэдэг гахай хариулахаас гайтай ажил...
Сингапурын метро өглөө 5:30 – 6:30 хооронд битүү, амьсгалах зайгүй түгжирдэг байсан. Тэрнээс хойш сэлүүхэн болчихдог. Хүмүүс 8 цагийн ажилд ч 6-д явдаг. Ийм эрт очиж яадаг юм бэ гэхээр нэгд хоцрохгүй, хоёрт хийх ажлаа төлөвлөнө, гуравт ажил эхлэхэд бэлдэнэ гэдэг.
Сентоза дээр 5 цагт далайн эргийн усанд дасгал хийчхээд, нийтийн шүршүүрт орчоод, 7/11-с цайлчхаад, түрээсийн дугуйгаа унаад ажилдаа явдаг хөгшин залуу хүмүүс маш олон байдаг байсан. Цайны цагаар номын дэлгүүрийн шалаар хүмүүс ном уншаад суучихдаг. Оройн 10-с хойш хүнгүй гудамжаар л алхана. Нэг хүн 2 ажилтай, нэг сургалттай эсвэл сайн дурын ажилтан байх нь ердийн зүйл. Синга ээж, аав Ширли Сэм 2той хэзээ ч өглөө таарж үзээгүй.
Хагас сайнд өөрсдөө сайн дурын ажил хийдэг байсан болохоор бүтэн сайнд л гэртээ таардаг байж билээ.Бээжинд өглөө 6:30-с өмнө л гарч бж гудамжны өглөөний цай авч амждаг байлаа. Бээжин хот 5 цагт хөл хөдөлгөөн орж 6 цагт хаа сайгүй дугуй, мопед, мотоцикл, хүн тэрэг тэр бүү хэл тахир дутуугийн тэргэнцэртэй өвөө эмээ нар хүртэл холхилдож, энд тэндээс дайрчих шахан давхилдаад ажлаа эхэлдэг. 6:30 гээд өглөөний цайны павильонууд хаагаад, ажилчид нь зарим нь сургуульдаа, зарим нь дараагийн ажилдаа явдаг.
Сувилагчийн постон дээр хонож байгаа сувилагч нэг ч удаа унтдаггүй, тэнд камер, интернет, компьютерт нь хөзөр ч байдаггүй, гэхдээ тэд унтдаггүй. Би нэг ч удаа постоо орхиж алга болсон, унтсан, өөр юм хийсэн сувилагчтай таарч байгаагүй. Бүгд л эмээ хуваарилж, өвчний лавлах уншиж, шөнийн сахиулын репорт бичиж, өглөө яг 6 цагтаа орж ирж тарьдаг байсан.
Тэд тасралтгүй суралцах үүрэгтэй мэт зузаан зузаан ном уншина. Хэдэн зуун мянган удаа зүү золгуулсныг мэдэхгүй ч хятад сувилагч нэг ч удаа судас хагалж, Нэг ч удаа дуудахад минут хүлээлгэж байгаагүй. Ийм болохоор л Хятад ажилчдаар барилга бариулах амар байдаг. Монгол хүнээ үнэлсэнгүй гэдэг ч, Монгол залуусыг ажиллуулна гэдэг гахай хариулахаас гайтай ажил.
Өглөө эрт ирэхгүй, үүрэг хариуцлага байхгүй… Хамгийн хэцүү нь цалин тавихаар багадаа 3 хоног тас алга болно. мөнгө нь дууссан хойно гэр бүлээсээ салах шахсан шартсан, зарим нь зодоон цохион хийсэн амьтад ирнэ. Цалинг нь өгөөд тараавал зоолттой хэдэн эхнэр ирж нөхрөө цалинтай нь асууж ирнэ. Жаахан зааж, захирчвал амь биш заяа биш гээд л хаяад явчихна.
Солонгост хүмүүс хүүхэдтэй болохоос татгалздаг, хойшлуулдаг шалтгаан нь хүүхэд өсгөх зардал байдаг. Солонгос шиг хоол хүнс арвин, хувцас хунар хямд газар хүүхэд өсгөх зардал гэж юу байх билээ дээ гэж бодож байгаа байх. Хүүхэд өсгөх зардал гэж хүүхэд сургахад төлөх зардал юм. Цэцэрлэгээсээ авахуулаад маш олон төрлийн сургалтад сургадаг.
Нэг хүүхэд дунджаар 4,5 сургалтад сурна. Тэр дундаас чанартайд нь сургах гэж эцэг эхчүүд хамаг мөнгөө зориулдаг. Тийм ч болохоор тэр хэмжээнд сургаж хүмүүжүүлж чадахгүй хүмүүс нь амьтан тэжээж, Нохой муураа үр хүүхэд шигээ үүрээд явдаг хүмүүс зөндөө тааралддаг.
Солонгос хөгжиж буй орон гээд автобусаар 2 цаг явдаг газар өглөө, орой бүр явж ажилладаг хүмүүс их болохоор шөнийн автобус гаргасан. Одоо Япон Солонгост хэт их ажилладаг хүмүүсийнхээ эрүүл мэндийг боддог болж. Солонгост очсон Монголчууд ажил хийж, хүнд удирдуулж сурдаг нь бүх хүмүүс тэгж шаргуу хөдөлмөрлөдгийг ойлгодгийнх байх.
МОНГОЛД…
Эв эрүүл, сав саруул залуус үд болтол унтдаг, үүр цайтал архиддаг, ажил хийдэггүй хүмүүс зөндөө, хийвэл зөвхөн өндөр цалинтай, гоё ажил хийнэ гэх. Бакалавртай л бол ямар нэг дарга захирал хийчих санаатай.
Юу ч хийж сураагүй байж юу ч тоож хийхгүй их зантай болчихсон. Эсвэл өнөөдөр болгодог 600 төгрөгийн цалингаараа бүх ирээдүйгээ төлөвлөдөг. Оройн цагаар, хагас бүтэн сайнаар ажил хийнэ гэж огт байхгүй. Нэг ийм жоохон ажил байна хийчихээч гэвэл завгүй гэх, гэртээ хариад зурагтаа үзээд унтахаа амьдралын утга учирт тооцдог. Өглөө эрт хичээлдээ босож явж чадахгүй байсаар сургуулиасаа гарсан залуус ч байх.
Унтах амрах нь хүний эрх л дээ. Гэхдээ дэлхийн хөгжилтэй орнууд унтах, эрхлэх завгүй ажиллаж хөгжилд хүрсэн байдаг. Биднийг унтаж байхад бүх дэлхий сурч, боловсорч, хөгжиж байна. Хэрвээ бид хөгжихгүй, хөдөлмөрлөхгүй бол бидний хүүхэд Солонгос, Америк, Европын жорлонг цэвэрлэж, буудлын даавуу солихоос дордоно. Одоо Өмнөд Солонгост Хойд Солонгосын хар ажилчид байна.
Америк цагаачдаа багтааж шингээж чадахгүй, олон асуудалд ороод, Европ Ойрхи Дорнодын дүрвэгсдээсээ халширч, Ази тивийн хүн ам тэжээж дийлэхээргүй ихээр өсөж байна. Дунд нь Монгол л унтаж, идэж, аархсаар…
Нэг Солонгос хүүхдийн хэмжээний боловсролгүй залуус хэд бий бол? Өглөө 8 цагт нээдэг үйлчилгээний газар байдаг уу? Өдөрт 2 сургалтанд суудаг эсвэл 2 ажил хийдэг залуус хэд вэ? Өглөө 6 цагт босож ном уншдаг оюутан байна уу?
Аль сайн сайхан амьдралтай, ажилтай, амжилттай яваа хүмүүст хариуцлага, хөдөлмөрч зан, зорилго ГУРАВ зайлшгүй байдаг. Хэн ч хэзээ ч зүгээр сууж байгаад баян, мөнгөтэй, амжилттай явдаггүй… Бүгдийг бүтээдэг. Тэр тусмаа хөгжиж буй орны иргэд бид унтах, амрах эрхгүй!
Эх сурвалж: Anu-Ujin Lkhagvasuren