COVID-19: 700 мянгаас 4.5 сая төгрөгийн үйлчилгээ даатгалаас авах эрхтэй
Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр эрүүл мэндийн даатгалыг албан журмаар төлдөг. Мөн оюутан, хувиараа хөдөлмөр эрхлэгчид сайн дураараа төлж байна. Гэтэл бүтэн жил хагас хөл хоригдсоны улмаас орлого нь буурсан иргэд цар тахлын халдварын үед эрүүл мэндийн даатгалын сангаас ямар тусламж, үйлчилгээ авах вэ гэдгээ төдийлөн сайн мэдэхгүй байна. Халдвар авсан даруйдаа хувиараа хэдэн зуун мянган төгрөгийн эм худалдан авч байгаа юм. Тиймээс бид ковидын үеийн тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас хэрхэн санхүүжүүлж байгаа, иргэдэд ямар боломж байгаа талаар сурвалжиллаа.
Эрүүл мэндийн болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар энэ оны гуравдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас өрхийн эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийн тусламж үйлчилгээний зардлыг өрхийн эрүүл мэндийн төвд нь олгож байгаа аж. Өрхийн эрүүл мэндийн төв COVID-19-ийн халдвар авсан өвчтөнүүдийг хөнгөн, хүнд, хүндэвтэрээр нь ангилан ялгалт хийнэ. Хөнгөн зэргийн, гэрээр эмчлэгдэх боломжтой хүмүүст 70 мянган төгрөг, гэрээр тусгаарлагдах боломжгүй тохиолдолд тусгай зориулалтын байранд хэвтүүлэн эмчлэх бөгөөд үүний төлбөр болох 650 мянган төгрөгийг даатгалын сангаас гаргаж байгаа юм. Мөн хөнгөн болон хүндэвтэр өвчтөнийг нэг сая 50 мянга, хүнд бол 3.5 сая, маш хүнд өвчтөнийг 4.3 сая төгрөгөөр санхүүжүүлж байгаа юм. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын БТГ-ын хэлтсийн дарга Л.Одончимэгээс тодруулахад “Эмийн үнийн хөнгөлөлт, болон гуравдугаар тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хамтын төлбөртэй болон хамтын төлбөргүй бүх төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой. Халдвартай хүнийг 10 хоног гэрээр тусгаарлаж, хоёр удаа очиж үзлэг хийх. Мөн утасаар тандалтын асуулга авах, мөн эмийн багц зэрэг нь 70000 төгрөгт багтсан байгаа. Манайх өрхөөс ирсэн ангилан ялгалтын мэдээллийн дагуу санхүүжилтээ саадгүй шилжүүлж байгаа.
Тусламж үйлчилгээний үнийн тухайд эмнэлзүйгээрээ янз бүр. Тухайн хүний биеийн байдал хүнд, хөнгөнөөс шалтгаалаад тусламж үйлчилгээний зардал хэдэн төгрөг ч гарах боломжтой. Үүн дээр бас тооцоолол хийж байгаа” гэлээ.
Даатгалын хөнгөлөлтийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт 85 Өрхийн эрүүл мэндийн төвд санхүүжилтийн урьдчилгаа 70 хувь буюу 589.9 сая төгрөг олгосон байна. Тодруулбал, хамгийн багадаа 17, ихдээ 504 хүнд буюу нийт 12040 хүний гэрээр үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлжээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлсэн бол төлбөрийн нэхэмжлэлийг ЭМДЕГ-т цаг тухай бүрт нь ирүүлж санхүүжилтээ авч байгаа аж.
Мөн улс орон даяар хийж буй дархлаажуулалтын даатгалд хамруулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт хүн амын 55 хувийг вакцинжуулалтад хамруулаад байна. Гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлүүлсэн дархлаажуулалтад тавдугаар сарын 10 хүртэл хугацаанд нийслэлийн 38, орон нутгийн 408 эрүүл мэндийн байгууллагад урьдчилгаа 70 хувь буюу нийт 7.7 тэрбум төгрөг олгожээ.
Харин коронавирусын халдварын эмчилгээнд хэрэглэж байгаа эм тарилгыг даатгалын сангаас хөнгөлөх боломжтой талаар лавлахад “Хуулиараа бол даатгалын сан халдварт өвчний эм, тариаг хөнгөлдөггүй. Хөнгөлөх эмийн жагсаалтад Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, нэг жилээс дээш хугацаанд борлуулагдсан зэрэг олон шалгуурыг хангасан эмийг бүртгэдэг” гэлээ.
Цар тахлын халдварын үед иргэд олон нийт дархлаагаа дэмжих зайлшгүй шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байгаа. Тэгвэл ЭМДЕГ улсын хэмжээнд 39 рашаан, сувилалтай гэрээтэй ажиллаж байна. Рашаан сувилалд сувилуулахдаа даатгуулагч төлбөрөөсөө 250 мянган төгрөг хөнгөлөх боломжтой юм. ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний багц хариуцсан менежер Ш. Сэлэнгээс тодруулахад “Эрүүл мэндийн даатгал төлсөн иргэд хэд хэдэн хөнгөлөлт урамшуулал авах боломжтой. Хуучин даатгуулагч жилдээ хоёр сая хүртэлх төгрөгийн тусламж үйлчилгээ авдаг байсан бол эрүүл мэндийн салбар хуулийн шинэчлэлийн хүрээнд шаардлагатай бол хэдэн ч төгрөгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй болсон. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ оношийн хамааралтай бүлгээрээ буюу эмийн болон мэс заслын эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд, амбулатортийн тусламж үйлчилгээ авахдаа, өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээнд, өдрийн эмчилгээ, хавдар, сэргээн засах эмчилгээ гээд бүх төрлийн үйлчилгээ авахдаа хөнгөлөлт эдэлдэг болсон” гэсэн мэдээллийг өглөө.
С.Энхдөлгөөн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин