Герман хүн хэзээ ч зассан ургуулсан зүлэг, цэцгийн мандал дээр гишгэхгүй...
Эх оронч үзлийг би бас нөхрөөсөө сурсан гэж болно. Германчууд бол жинхэнэ эх оронч хүмүүc. Жинхэнэ эх оронч хүмүүc зөвхөн өөрийнхөө эх орныг биш бас бусдын эх орныг хайрладаг. Доорхи жишээнүүдээр жинхэнэ эх оронч гэж ямар байдгийг тайлбарлах гэж оролдоё.
Миний нөхөр "Манай гудамжны үзүүрт байдаг цэцгийн дэлгүүр дампуурчихаж. Манайх тэндээс хангалттай цэцэг авч орлого оруулаагүйгээс боллоо" гэнээ. Би "хангалттай л цэцэг авдаг штээ. Энэнээс илүү яах юм?! Бид өөрсдийгөө бас бодох хэрэгтэй штээ" гэсэн чинь, "Би сард нэг удаа илүү жижүүр хийгээд байвал илүү цэцэг авах мөнгөтэй болно. Дараагийн хүн энд цэцэгний дэлгүүр нээвэл илүү цэцэг авч байя" гэнээ. Тэгэхээр нь гүй гэж хэлж чаддаггүй л юм даа.
Нөхөр бас ингэж хэлдэг. Монголчууд эх орон луугаа элдэв бусын бараа зөөж нутаг нэгтнүүдээ шулаад байх юм. Тэрнийхээ оронд Германд юм зар л даа. Германы зах зээл дээр та нар юмаа зарахгүй бол тэр орон зайнд Хятадууд юмаа зарна шүү дээ.
Би "Монголд хөдөө явахад ийм гадаадад байдаг шиг дотор нь амьдарчихдаг машин гоё юмуу" гэсэн чинь нөхөр "Яах юм! Монголд монгол гэр байна. Монгол монголоороо байх хэрэгтэй. Гэр шиг гоё сууц хаана ч байхгүй" гэнэ.
Би "Хүүхдүүдтэй монголоор ярихаар чи ойлгохгүй, гадна үлдээд хэцүү юмаа" гэсэнд нөхөр "Оо намайг бодсонд баярлалаа. Гэхдээ намайг битгий бод. Хүүхдүүдэд монгол хэл нь хэрэгтэй" гэнэ.
Гудамжинд нэг 40-өөд насны эрэгтэй гэрлийн шон угаагаад зогсож байна. Би гайхаж, хажуугаар нь харж өнгөрсөнд, тэр хүн над руу инээж, "Би энэ гудамжинд амьдардаг юм. Энэ гэрлийн шонгууд дээр ингээд зарлал наагаад халтайлгаад байх юм. Муухай харагддаг, надад таалагддаггүй, тэгээд угааж байна" гэнээ.
Цас орсон үөд бол өглөө эрт хүн бүр гараад цасаа цэвэрлэчихдэг. Миний нөхөр хүртэл 5:45 - д босож ажилдаа явдаг бол цас цэвэрлэнэ гэж тооцоод 30 минутын өмнө босдог.
За тэр гүйхдээ ч бай, гүйхгүй ч бай хог цэвэрлэдэг улс зөндөө. Гудамжинд хог хаяулнаа гонж. Хүүхэддээ хамгийн түрүүнд зааж өгдөг юм нь хогоо байгальд, гудамжинд хаяж болохгүй. Хогоо ялгаж хаяна.
Хэзээ ч цэцэг зулгаахгүй. Харж баясна. Харин хэзээ ч зулгаахгүй. Хүүхдүүд нь ч зулгаахгүй.
Хэзээ ч улаан гэрлээр зам хөндлөн гарахгүй. 1. Би замын хөдөлгөөний дүрмийг чанд сахих хэрэгтэй. Ингэж байж манай улс эмх цэгцтэй байна. 2. Намайг дуурайж хүүхэд улаан гэрлээр зам хөндлөн гарвал яана! Би сайн үлгэр жишээ байх ёстой.
Герман хүн хэзээ ч зассан ургуулсан зүлэг, цэцгийн мандал дээр гишгэхгүй.
Эд нар бас ямар ч хуулийг чанд сахина. Манай улсад, бидэнд хэрэгтэй, ашигтай болоод л энэ хуулийг гаргасан байгаа. Чанд сахих хэрэгтэй гэнэ.
Ойр зуурын жишээнүүд ийм байна. Монголчуудаа залуусаа жоохон юм бодоцгоо.
Чулуунсүрэнгийн Цэрмаа