Хотын захиргааны шинэ байрыг ХАЛДВАР АВСАН хүмүүсийг хүлээн авах түр эмнэлэг болгоно
Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн Баянзүрх дүүрэгт болж байна. Зөвлөгөөнөөр хотын захиргааны шинэ байранд Коронавирусын халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, ор дэлгэлт яаралтай хийхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо.
Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, “Нийслэлийн ЗДТГ-ын шинэ байр буюу Яармагт байрлалтай барилгад нийт 145 ор дэлгэж, яаралтай тусламж үзүүлэх эмнэлгийг байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ойрын хугацаанд ашиглаж эхэлнэ. Мөн зарим дүүргийн эмнэлгийг зөөврийн хүчилтөрөгчийн станцтай холбох ажлыг хийж буйг” мэдээллээ.