У.Хүрэлсүх тангараг өргөх ёслолоо аль болох хүмүүст чирэгдэл учруулахгүй хийхийг хүсчээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, Монгол Ардын Намын Дарга Ухнаагийн Хүрэлсүх 823,326 санал буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 67.69 хувийн санал авч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй билээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоож, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан юм.
Үүний дагуу ажлын хэсэг гарч, Ухнаагийн Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын зохион байгуулж буй юм. Үүнтэй холбоотойгоор У.Хүрэлсүх төрсөн өдрөөрөө тангараг өргөхөөр болжээ, У.Хүрэлсүхийн тангараг өргөх өдөр цэргийн сүрт жагсаал болно гэх мэт олон мэдээлэл гарч буй.
Тэгвэл Зэвсэгт Хүчний Жанжин Штаб: "Иргэдийн дунд коронавирусийн халдварын тохиолдлын тоо улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлээд байна.
Иймд Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг цуцлах болсныг үүгээр мэдэгдье." гэсэн байна.
Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх тангараг өргөх өдөр ямар нэг цэргийн парад болохгүй болжээ.
Хэдийгээр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол тодорхой хуулийн зохицуулалттай, тусдаа хариуцсан албаны хүмүүсийн шийдлээс шалтгаалдаг боловч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх цэргийн парадыг цуцалж, түүнчлэн цар тахлын тоо гаарч буй энэ үед аль болох хүмүүст чирэгдэл учруулахгүйгээр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудаас хувь хүнийхээ хувьд хүссэн болохыг гэв.
Эх сурвалж: Sonin.mn