Дүүжин бүхээгний ослын бичлэг үзүүлсэн Италийн суваг шүүмжлэлд өртжээ
Италийн олон нийтийн телевизийн "Rai" суваг Мотарроне ууланд тавдугаар сарын 23-ны өдөр 14 хүн амиа алдсан дүүжин бүхээгний ослын бичлэгийг үзүүлсний дараа томоохон шүүмжлэлд өртсөн байна.
Телевизээр үзүүлсэн хяналтын камерын бичлэгт бүхээг зогсоолын цэгт хүрэх гэж байснаа гэнэт савлаад дүүжин замаар буцаж цагт 100 км-ийн хурдтай уруудаж, удалгүй трос тасарч, бүхээг унаж байгаа нь харагджээ. Энэ бичлэгийг нийтэлсэн явдлыг уг хэргийг шалгаж байгаа прокурорын газраас үнэхээр ёс зүйгүй явдал боллоо гэв.
Бүхээгт ослын үед таван гэр бүлийн 15 хүн, тэр дундаа хоёр хүүхэд байжээ. Ослоос амьд гарсан таван настай Эйтан Биран эцэг эх, хоёр настай дүү болон эмээ, өвөөгөө алдсан байна. Уг ослын дараа хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх үндэслэлээр гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Прокурор Олимпиа Босси "Амиа алдагсдын ар гэрийнхэн энэ бичлэгийн талаар сонсоогүй байсан. Энэ бичлэгийг гаргах хориотой юм. Ар гэрийнхнийг иймэрхүү үйлдлээр улам их зовлон шаналалд автуулж болохгүй" гэжээ.
Телевизийн Rai сувгийг эзэмшигч Марчелло Фоа "Редакцын дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй ч энэ үйл явдалд дуугүй өнгөрч чадахгүй нь. Олон нийтийн суваг дараа нь гарах бүх үр дагаврыг, ялангуяа ёс зүйн үр дагаврыг сайтар үнэлэх үүрэгтэй. Хохирогчид болон тэдний ар гэрийнхнийг хүндэтгэх ёстой" гэжээ. Удалгүй улс төрчид мөн шүүмжилж эхэлсэн байна.