Б.Энхболд: Судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн байдал тогтворгүй, түгшүүртэй нөхцөл байдал ажиглагдлаа
Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Төрийн цэргийн байгууллагын харьяа анги, салбарууд дахь дүрмийн бус харьцааны шалтгаан нөхцөл” судалгааны ажлыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабтай хамтран хийж эхлүүлсэн байна. Судалгааны ажлын хүрээнд ХЭҮК-ын ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад байрлах цэргийн анги байгууллагад ажиллажээ. Энэ талаар Комиссын гишүүн Б.Энхболдтой ярилцлаа.
-Хугацаат цэргийн албан дахь дүрмийн бус харьцааны шалтгаан нөхцөлийг илрүүлэх судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Цэргийн анги, байгууллагуудад ажиллах үеэр урьдчилсан байдлаар ямар зөрчил дутагдал тогтоогдов?
-Манай судалгааны баг орон нутаг дахь цэргийн анги байгууллагуудаар ажиллаад ирлээ. Ингэхдээ тусгайлан боловсруулсан санал асуулга, ярилцлагын аргаар судалгааны ажлаа явуулсан. Эхний үр дүнгээс харахад хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн байдал тогтворгүй, түгшүүртэй байгаа нөхцөл байдал ажиглагдлаа. Судалгааны дүн нэгтгэгдэн гарсны дараа дүрмийн бус харьцааны ямар хэлбэр байдаг эсэх, үүний шалтгаан нөхцөлийн талаар илүү нарийн мэдээлэл өгөх боломжтой болно.
Судалгааг улс орон даяар явуулж байгаа бөгөөд судалгааны үр дүнг энэ оны сүүлээр танилцуулахаар төлөвлөөд байна.
-Судалгааны явцад цэргийн алба хаагчидтай зүй бус харьцах, эрүүл мэндэд нь хохирол учруулах, зодох, цохих хэлбэрийн дүрмийн бус харьцаа илэрсэн үү?
-Хугацаат цэргийн алба хаагч болоод цэргийн алба хаагаад ирсэн иргэдтэй ярилцлага хийж үзэхэд, цэргийн албанд байдаг дүрмийн бус зүй бус харьцааг таслан зогсоож халах нь зүйтэй гэдэг дээр дийлэнх оролцогчид санал нэгдэж байна. Эндээс хууль дүрэмд заагдаагүй дүрмийн бус харьцаа хугацаат цэргийн албанд байна гэж дүгнэхээр байна. Тухайлбал, цэргийн алба хаасан иргэдтэй хийсэн ярилцлагын дүнгээр, шөнө унтуулахгүй байх, ганц нэг шанаадах, илүү цагаар үүрэг гүйцэтгүүлэх, хэл амаар байнга доромжлох асуудал ерөнхийдөө байдаг гэж хариулж байна. Энэ асуудлыг бид дараа дараагийн судалгаагаар илүү нарийн гаргаж ирж, тодруулахаар ажиллаж байна.
-Сүүлийн үед гарсан харамсалтай хэргүүд хилийн цэргийн байгууллага дээр их гарч байна. Үүний шалтгаан нөхцөлийг юу гэж харж байгаа вэ?
-Олон шалтгаан нөхцөл байгаа байх. Бид энэ удаагийн судалгаагаар гэмт хэрэг, зөрчил гарахад дүрмийн бус харьцаа хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг тогтоох зорилготой байгаа.Ер нь хилийн цэрэг бол их онцлогтой алба. Зэвсэгт хүчний анги байгууллагад хугацаат цэргийн алба хаагчид байнгын бэлтгэл сургуулилтын горимоор үйл ажиллагаа явуулдаг бол хилийн цэрэгт хугацаат цэргийн алба хаагчид галт зэвсэг, техниктэй харьцаж, хилийн харуул манаанд биечлэн үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, хил хамгаалах ажиллагаанд өдөр тутам оролцож, байгаль цаг уурын эрс тэс нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэдэг. Нөгөө талаас олон хоногоор харуулын үүргийг цөөн хүн гүйцэтгэдэг, энэ хугацаанд тэдгээрийн хооронд үл ойлголцол бий болох, эсвэл хэт хоорондоо найрсаг, энгийн байдлаар хандсанаас, бие биедээ гомдож тунирхах хандлага гардаг байж болзошгүй юм. Үүнтэй холбоотойгоор дараа дараагийн дүрмийн бус харьцаа гарч байгаа гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна.
-Танай ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллахдаа харуулын даргынхаа амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа алба хаагчидтай уулзсан гэж сонссон. Тэнд нөхцөл байдал хэр байна?
ХЭҮК-ын ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажилласан. Манай ажлын хэсгийнхэн хилийн цэргийн 0214 дүгээр ангид гарсан гэмт хэргийг үйлдсэн хоёр цэргийн алба хаагчтай уулзаж эрүүл мэндийн байдал, цагдан хоригдож байгаа нөхцөлтэй танилцаж, санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа. Мөн өмгөөлөгч нартай нь холбогдож, хэргийн нөхцөл байдал, санал хүсэлтийг сонссон. Энэ хэрэгт хяналт тавьж байгаа аймгийн прокурорын удирдлагуудтай уулзаж, хэргийг мөрдөн шалгахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг жигд харгалзан үзэх, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоож, энэ гэмт хэргийг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийг олох тал дээр анхаарч ажиллахыг зөвлөлөө.Мөн мөрдөн байцаах явцад цэргийн алба хаагчидтай дүрмийн бус харьцсан гэдэг үндэслэлээр тус ангийн зарим алба хаагчдад холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа юм байна.
-Алба хаагчдын ар гэрийнхэнтэй ХЭҮК-оос холбоотой ажиллаж байгаа гэж байсан. Энэ талаар?
-Комиссын ажлын хэсэг ар гэрийнхэн нь биечлэн уулзсан. Бид бүхэн зөвхөн цагдан хоригдож байгаа хоёр цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнтэй уулзаад зогсохгүй хохирогчийн ар гэртэй ч холбогдож байгаа. Мэдээж гэмт хэрэг үйлдсэн хүнийг зөвтгөх үндэслэл байхгүй ч комиссоос энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлсөн хүчин зүйлийг бодитойгоор тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа. Системээрээ хоёр цэргийн алба хаагч, хэдэн хүнийг буруутгаад өнгөрөх биш асуудлыг ул сууртай авч үзэж, дахин ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ёстой.Цагдан хоригдож байгаа хоёр цэргийн нэгнийх нь аав, ээжтэй нь уулзлаа. Мэдээж тэдний сэтгэл зүй хүнд байгаа нь анзаарагдсан. Үр хүүхдээ цэргийн албанд явуулаад, ийм асуудалд холбогдсонд гомдолтой байгаа учраас гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг үнэн мөнөөр тогтооход анхаарч өгөх хүсэлтийг бидэнд тавьж байлаа. Мөн үр хүүхдийнхээ сэтгэл зүйн байдалд анхаарал хандуулж, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж өгөхийг хүссэн юм.Бид Говь-Алтай аймаг дахь ШШГЕГ-ын цагдан хорих байрны даргатай уулзаж хоригдож буй цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн байдал, учирч болзошгүй эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар тодорхой үүрэг чиглэл өгч ажилласан.
-Хоригдож байгаа хоёр цэргийг гавласан талаар өмнө нь хэвлэл мэдээллээр гарсан. Таныг очиж уулзахад гавтайгаа байсан уу. Ер нь цагдан хорих байранд байгаа хүнийг гавлах нь хүний эрхийн зөрчил мөн үү?
-Хоригдогчдын нөхцөл байдалтай танилцахад гав хэрэглээгүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, түүнийг дагалдан гарсан журамд хоригдогч өөрийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл үүсгэж болзошгүй тохиолдолд нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрэглэнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд баривчлагдаж ирсний дараа сар гаруй хугацаанд гавлаж, аюулгүй байдлыг нь хангаж ажилласан байна. Хоригдож буй хоёр цэргийн алба хаагчтай Цагдан хорих байрны удирдлага, сэтгэл зүйч холбогдох хүмүүс хуваарийн дагуу тогтмол уулзаж, удаа дараа сэтгэл зүйн зөвлөгөө өгсний үндсэн дээр аймгийн прокурорын шийдвэрээр гавыг авсан байна. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн гавгүй хоригдож байгаа. Комиссын гишүүний хувиар хоригдогчидтой нэг бүрчлэн уулзаж, гар болон биеийн бусад хэсэгт гав хэрэглэснээс үүссэн гэмтэл бэртэл, шарх сорви байгаа эсэхийг шалгаж үзлээ. Одоогоор ямар нэг ул мөр, ноцтой зүйл илрээгүй. Гав хэрэглэхгүй болсонтой холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид биечилсэн хяналтыг 24 цагаар тавьж ажиллаж байгаа юм байна.
-Цаашид хугацаат цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлэх үүднээс юун дээр анхааарах шаардлагатай гэж харж байна. Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр ХЭҮК-оос санал гарч байгаа юу?
-Одоогийн байдлаар анхаарах ёстой асуудлыг шууд тодорхойлж, дүгнэлт гаргахад эрт байна. Ер нь бид гурван багц асуудлаар дүгнэлт гаргахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт, цэргийн албаны харилцааг зохицуулж байгаа хууль дүрэм, цэргийн нийтлэг дүрэм хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэх, хоёрдугаарт, цэргийн алба хаагч, офицер, ахлагч нарыг бэлтгэж байгаа сургалтын хөтөлбөр хүний эрхийн мэдлэг, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн эсэх, гуравдугаарт, цэргийн анги байгууллагт үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргана. Мөн цэргийн алба хаагаад ирсэн иргэдийн дунд судалгаа явуулах юм. Энэ цогц судалгааг хийсний дараа тодорхой санал дүгнэлт гаргаж, холбогдох байгууллагуудад уламжилна.