Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 15 дахь өдрөө гүйж байна. Ховд аймаг, Улаанбаатар хотын чиглэлийн 1500 км замыг явган туулж, онцгой амжилт гаргах мөрөөдөлтэй яваа ахлах ахлагч өнөө өглөөний байдлаар 619 км замыг туулаад байна. Тэрээр энэ хугацаанд Ховд, Говь-Алтай аймгийг туулан өнгөрч, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт орж ирээд байгаа юм.
Ахлах ахлагч Э.Даваажамц орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд түүхт 100 жилийн ойтойгоо золгох Зэвсэгт хүчний 123 дугаар ангидаа жирийн нэгэн алба хаагчийн хувиар бэлэг "барьж", цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужил, эр зоригийг олон нийтэд харуулж, цэрэг хүн өмнөө тавьсан зорилгоо хэрхэн биелүүлдгийг ч "ойлгуулахаар" зорьжээ.
Тэрээр 7 дугаар сарын 10-ны өдрийн "Төрийн далбааны өдөр"-т зориулсан цэргийн ёслолын жагсаалын дараахан жанжин Д.Сүхбаатарын талбайд орж ирэхээр төлөвлөн гүйж байгаа юм.
Гэрэл зургийг О.Мөнхбат