Израиль Газын зурваст агаараас цохилт үзүүллээ
Палестины ХАМАС хөдөлгөөний мэдэгдсэнээр Израилийн Агаарын зэвсэгт хүчний онгоцнууд Газын зурваст байрлах ХАМАС хөдөлгөөний бэлтгэлийн лагерь лүү агаараас цохилт үзүүлжээ.
Израилийн арми гал нээснээ хүлээн зөвшөөрсөн ба агаараас цохилт үзүүлсэн объектүүд нь "алан хядагчид цугларч, алан хядах үйл ажиллагаа явуулдаг" газрууд байсан гэдгийг онцолжээ.
Таймс Оф Израиль сонинд бичсэнээр, Израилийн зэвсэгт хүчний зүгээс "Израилийн арми Газын зурвасаас удаа дараа алан хядах үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор дахин тулалдаж эхлэхэд бэлэн байна." гэсэн мэдэгдэл гаргажээ.
Израилийн Зэвсэгт хүчин Газын зурваст агаараас цохилт үзүүлэх болсон нь ХАМАС хөдөлгөөн тэсрэх бөмбөгөөр тоноглосон агаарын бөмбөлгүүдийг Израилийн нутаг дэвсгэр лүү илгээсэнтэй холбоотой хэмээн тайлбарлажээ. Тухайн бөмбөлгүүд нь Израилийн нутаг дэвсгэрт нэвтэрч, Израилийн талд ойролцоогоор 20 дэлбэрэлт бүртгэгджээ.
Өмнө нь ХАМАС хөдөлгөөн Иерусалимын баруун хэсэгт Израилийн үндсэрхэг үзэлтнүүд жагсаал зохион байгуулсан явдлын эсрэг арга хэмжээ авна хэмээн заналхийлж байсан юм.
Израилийн шинэ Ерөнхий сайд Нафтали Бенетт Израилийн засгийн газар ХАМАС хөдөлгөөнөөс явуулж буй үйл ажиллагааг тэвчихгүй гэдгийг анхааруулж, хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.
Талууд галаа зогсоох зөвшилцөлд хүрэхээс өмнө буюу өнгөрсөн 5-р сарын 10-наас 11-ний хооронд Газын зурвасаас Израилийн нутаг дэвсгэр лүү 4000 гаруй пуужингаар галласан бол Израилийн Агаарын зэвсэгт хүчнээс явуулсан хариу арга хэмжээний үр дүнд 250 гаруй палестинчүүд амиа алдаж, 2000 хүн шархдсан юм.
Эх сурвалж: www.interfax.ru