Гудамжинд танхайрсан иргэнийг эрүүлжүүлж, үрлэн сумтай тоглоомон бууг нь хураажээ
Хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 13-ны өдөр согтуурсан иргэн автомашины арын тээшнээс буу гаргаж, гудамжинд гурван удаа буудсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоолны газарт үйлчлүүлж байсан иргэд хоорондоо маргалдан, буу гаргаж, нэгнээ сүрдүүлсэн байдаг.
Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба 29 настай эрэгтэйг эрүүлжүүлж, хэргийн газраас үрлэн сумтай буу хураан авсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Сэжигтэн этгээдийн тухайд өмнө нь зөрчлийн хэрэгт удаа дараа холбогдож байсан гэх ба тэнсэн харгалзах ял шийтгэгдсэн этгээд байжээ.