Дэлхийн улс орнууд ковидын эсрэг өндөр мөнгөн дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, нийт иргэддээ ч бэлэн мөнгө тарааж мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлээд байна. Энэ нь эцсийн дүндээ инфляцын аюул дагуулна хэмээн дэлхийн эдийн засаг, санхүүгийн урдаа барьдаг шинжээчид сэрэмжлүүлж эхэллээ. Германы нэрт эдийн засагч Хенрик Мюллер барууны орнуудад санхүүгийн хямрал ойртож байгаа гэдэгт итгэлтэй байгаа бол АНУ-ын Сангийн сайд асан Ларри Саммерс ч инфляц огцом нэмэгдсэнээр 1970-аад оны өндөр инфляцтай төстэй хямрал үүсэж магадгүй гэх таамаглал хийж байгаа аж. Манай улсын хувьд ч эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндрэх шинж тэмдэг ковидын цар тахлаас өмнө илэрсэн. Валютын ханш өсөж, гадаад өрийн хэмжээ нэмэгдэж, төсвийн алдагдал урд өмнө байгаагүй хэмжээнд хүрснийг 2018-2019 онуудын макро эдийн засгийн статистик үзүүлэлтүүдээс харж болно. Тиймээс 2020 онд манай эдийн засаг сүүлийн 25 жилд байгаагүй хэмжээнд агшихад ковид буюу цар тахлаас гадна тооцоо судалгаагүй авч хэрэгжүүлсэн төсөв, мөнгөний бодлогын нөлөө их байсан юм.
Засгийн газар ковид цар тахал эхлэхтэй зэрэгцэн “эрүүл мэнд, эдийн засгаа аварна” гэх гоёмсог уриан дор хоёр жил дараалан эдийн засгаа тамирдуулах элдэв янзын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Сөрөг хүчний дуу хоолой нийгэмд хүрэхгүй байгаа өнөө үед хэт олонхоороо түрүү барьсан эрх баригчид 2020 оны УИХ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудад зориулж Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн бүхий л нөөц хөрөнгийг “гөвсөн”. Үүний бодит жишээ гэвэл урдах Засгийн газрын хэрэгжүүлсэн 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр. Өнгөрсөн жилийн дөрвөн сард “Коронавируст халдвар /Ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль гэгчийг баталсан. Энэ нь их наядаар хэмжигдэх татвар төлөгчдийн мөнгийг парламентын оролцоогүйгээр Засгийн газрын тэргүүн зарцуулах боломжийг нээж өгсөн юм.
Ийнхүү төсвийн нөөц, гадаадын санхүүгийн байгууллагууд, донор орнуудын тусламж дэмжлэгийг баруун солгойгүй цацаж эхэлсэн байдаг. Өнгөрсөн жил олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн түнш орнуудаас нийт 651.9 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн зээл тусламж авахаар гэрээ байгуулжээ. Үүний 532.5 сая ам.долларыг төсвийн дэмжлэг хэлбэрээр, 119.4 сая ам.долларыг төслийн санхүүжилт болгон авахаар тохирсон юм. Ийм их хэмжээний санхүүжилт хэрхэн зарцуулагдсан талаарх тайлан өнөө хүртэл алга. Үүгээр ч зогссонгүй, төрийн мэдлийн компаниудын халаасыг ч ухав.
Манай улс Арабын чинээлэг орнууд шиг иргэн бүрдээ халамж тараах баян орон огт биш. 2016 онд халамжийн зориулалтаар 999 мянган иргэнд улсын төсвөөс 543.2 тэрбум төгрөг зарцуулсан. Харин 2020 онд нийт 2 сая 313 мянган иргэнд 1.6 их наяд төгрөг улсын төсвөөс зарцуулсан бол 2021 онд 2 сая 655 мянган иргэнд 1.6 их наяд төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
Нэмээд, төрийн өмчит компаниудын орлогыг шууд авч зарцуулах, олон улсын арбитрын маргааны барьцаанд тавьсан их наядаар хэмжигдэх мөнгийг ч дур мэдэн тараав. Тэд иргэд ард түмэндээ хайртайдаа хамаг байдгаа гөвөөд байгаа юм биш. Иргэн бүрт 300 мянган төгрөг, вакцин хийлгэсэн иргэдэд 50 мянган төгрөг, малчдад 100 мянган төгрөг бэлнээр тараав. Хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг өгч, тэтгэврийнхнийг сая төгрөгөөр баярлууллаа. Өрх бүр байр, цахилгаан дулаан, усныхаа хөлсийг төрийн өмчит компаниар даалгав. Хэдэн их наядаар тоологдох мөнгөн хөрөнгө “нүд ирмэх” зуур үгүй боллоо. Цар тахалтай тэмцэх үндсэн зорилготой мөртөө ганц ширхэг эмнэлэг барьсангүй. Хүнд хэлбэрийн амьсгалын дутагдлын үед уушги орлох, зүрхний дутагдлын үед зүрх орлох төхөөрөмж болох ECMO аппарат нэгийг ч аваагүй юм билээ. Аймгуудад PCR шинжилгээний аппарат аваагүй байсан нь сүүлд ил болсон.
Улсын төсөвт 300 ортой нэгдсэн эмнэлгийн төсөв 17 тэрбум төгрөг байдаг. Тэгэхээр аймаг бүрд нэг, хотод 10 ширхэг эмнэлэг барьсан бол 527 тэрбум төгрөг болно. Уушиг орлуулах аппарат ЕСМО дундаж үнэ нь 125 мянган ам.доллар. 100 ширхгийг авахад 37 тэрбум төгрөг. Хамгийн үр дүнтэй Pfizer вакцин 4 сая тун авахад 240 тэрбум төгрөг буюу нийтдээ 800 орчим тэрбум төгрөгт багтаж байна. Гэвч 5 их наяд төгрөгийн хөтөлбөрт ковидын эсрэг амин чухал ийм арга хэмжээ огт багтсангүй. Засгийн газар байгуулагдмагцаа өмнөх Засгийн газрын хэрэгжүүлсэн хөтөлбөр гэгчийг нугалах хэмжээний төлөвлөгөө гэгчийг хэдхэн хоногийн дотор боловсруулж нийтэд танилцуулав. Тэр нь Монголбанкны байж болох нөөцийг хуу хамах 10 их наядын хөтөлбөр.
Сургалтад 500 тэрбум, малчдад 500 тэрбум, тариаланчдад 500 тэрбум, аж ахуй нэгжүүдэд 3 хувийн хүүтэй 3 их наядын зээл… гээд үргэлжилнэ. Мөнгөн дүн нь мянгаас эхэлж сая, тэрбум, их наяд гээд огцом өсөж байна. Макро эдийн засгийн үүднээс авч үзвэл Засгийн газрын зарцуулалт, мөнгөний хэт их нийлүүлэлт эдийн засагт урд өмнө тохиолдож байгаагүй хүндрэлүүдийг авчирна. Баруун солгойгүй тараасан бэлэн мөнгө эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг авч үзье.
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ОГЦОМ ӨСӨВ
2021 оны дөрвөн сарын мөнгөний нийлүүлэлт 26.6 их наяд төгрөгт хүрчээ. Гэтэл яг нэг жилийн өмнө манай улсын санхүүгийн зах зээлд 20.2 их наяд төгрөг эргэлдэж байв. Ганц жилийн дотор мөнгөний нийлүүлэлт 6.4 их наяд төгрөгөөр нэмэгдэж. Үр дүнд нь инфляц өсөв. Өнөөдөртөө зургаан хувьд хэлбэлзэж байгаа ч цаашид өсөх хандлага ажиглагдаж байна. Манай улсын үйлдвэрлэж, экспортолсон бараа бүтээгдэхүүнүүд өмнөх оноосоо илт багассан байхад харин зах зээл рүү их хэмжээний мөнгийг нийлүүлжээ. Энэ нь инфляц хөөрөгдөх үндсэн шалтгаан юм. Манай улсын зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлт хэрхэн өссөнийг доорх графикаас харж болно. Мөнгөний нийлүүлэлт(Их наяд төгрөг) Инфляц нь латин гаралтай үг бөгөөд дүүрэх, халих, дэврэх гэсэн утга илэрхийлдэг бөгөөд өнөө үед макро эдийн засгийн чухал хэмжүүр болжээ.
Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсч, харин үндэсний валютын худалдан авах чадвар сулрахыг инфляц гэнэ. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний үндэсний мөнгөн тэмдэгтээр өмнөхөөсөө цөөн бараа, үйлчилгээ худалдан авч байгаа нь инфляц өсөж байгаа үзүүлэлт юм. Жишээ нь, 2016 оны 7 сард адууны ястай мах 5430 төгрөг-ний үнэтэй байсан бол 2020 оны 5 сард 13104 төгрөг-ний үнэтэй болсныг Нийслэлийн статистикийн газрын сайтаас харж болно. Ийнхүү адууны ястай мах хэдхэн жилийн хугацаанд 7669 төгрөгөөр нэмэгдсэн нь энэ бүтээгдэхүүний хувьд төгрөгийн худалдан авах чадвар 141% суларчээ. Гэхдээ инфляцыг зөвхөн нэг барааны үнийн өсөлтөөр биш нийт бараа, үйлчилгээний үнийн дундаж түвшний өсөлтөөр хэмжинэ. Бүх бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг улсын хэмжээгээр нэг бүрчлэн хэмжих боломжгүй. Иймээс хүн амын өргөн хэрэглээний гол нэрийн бараа, үйлчилгээг сонгон авч, үнийн дундаж өөрчлөлтийг тооцдог. Сонгон авсан эдгээр бараа, үйлчилгээг хэрэглээний сагсны бараа, үйлчилгээ гэнэ. Манай улсын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 373 бараа, үйлчилгээнээс бүрдэж байна. Ийнхүү сагсан дахь нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийн дундаж өсөлтөөр инфляцыг хэмжинэ.
ИНФЛЯЦЫН ДҮН
Мөнгөний нийлүүлэлт огцом ихэссэнтэй холбоотой ийнхүү инфляц өсөж таарна. Зах зээл дээр бараа, үйлчилгээний үнэ хөөрөгдөх нь ядуу, дундаж орлоготой иргэдийн амьдралд туйлын хүндээр тусдаг. ЭДИЙН ЗАСГИЙН ХАЛАЛТ Засгийн газар долоо хоног бүр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгдөг. Сангийн яамны танилцуулгад, ажлын байрыг дэмжих зээл олголт төлөвлөсөн хэмжээний 59.9%, репо санхүүжилттэй зээл 23.6%, ипотекийн зээл 34.7%-д хүрчээ. Хөдөө аж ахуйг дэмжих 205 тэрбум төгрөгийн зээлийг 13,764 зээлдэгч аваад байна. Энэ нь төлөвлөсөн хэмжээний 41% гэсэн үг юм. Энэ бүхэн нь эдийн засгийн идэвх нэмэгдэж байгааг харуулж байна гэж сайрхаж харагдав. 2020 оны манай улсын ДНБ -5.4 хувийн уналттай байсан бол энэ оны эхний улиралд 15.7 хувийн өсөлттэй гарчээ.
Энэ нь эдийн засаг идэвхжиж огцом халалт бий болж буйг харуулах статистик үзүүлэлт юм. Дарга нар нь эдийн засаг идэвхэжсэн нь бидний хэрэгжүүлж буй бодлого нүдээ олсных гэж хөөрцгөөж байгаа юм байх. Ковидын “хөл хорио”-ны дараа АНУ, Европт эдийн засаг хурдацтай сэргэж эхэлсэн. Энэхүү эдийн засгийн өсөлт шинжээчдийн үзэж байгаагаар санхүүгийн ноцтой хямралд хүргэж болзошгүй байгаа аж. Хэт халалт нь эдийн засгийн өсөлтийг тэсрэлттэй, хяналтгүй болгож, эдийн засаг санхүүгийн нөөцийг богино хугацаанд шавхаж улмаар тогтвортой өсөлт огцом буурч унах аюулд хүргэдэг. Ер нь зах зээлийн бодит хүүгээс хэд дахин бага хүүтэй их хэмжээний хямд зээл зах зээлд нийлүүлэх нь эдийн засгаа сэргээх бус харин унагаахад хүргэж болзошгүй гэдгийг Сангийн яамны эрх мэдэлтнүүдэд анхааруулъя. Олон их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлснээр эдийн засаг шууд сэргээд явчихгүй. Иргэд хэрэглэгчид нь санхүүгийн чадвартай байж л аж ахуйн үйл ажиллагааг дэмждэг гэдгийг мартаж болохгүй.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ
ӨРИЙН УРХИНД ОРСОН МОНГОЛ
Лондон дахь Кингстоны их сургуулийн профессор Стив Кин (Steve Keen) санхүүгийн хямрал болох үндсэн гол шалтгааныг нэрлэлээ. Тэрээр, дэлхийн эдийн засгийн хөгжлийн сүүлийн хагас зуун жилийн туршлага дээр тулгуурлаж ийм дүгнэлт хийжээ. Стив Кин улс орнууд болон иргэдийн өрийн дарамт, их хэмжээний мөнгийг зохиомлоор эдийн засагтаа нийлүүлж байгаа зэрэг нь эдийн засгийг хэт халааж, эрсдлийг өдөөдөг гэжээ.
Монгол улсын Засгийн газрын нийт өр 2020 онд 27.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.0 их наяд 2016 оны 2 дугаар улирлаас хойш 11.3 их наяд төгрөгөөр өссөн байна. Монгол Улсын гадаад өр олон улсын дундаж, зохистой хэмжээтэй харьцуулахад тав дахин өндөр байгааг Олон улсын валютын сан анхааруулж байгаа. Саяхан Дэлхийн банк “Монгол Улс хойч үедээ өр өвлүүлж байна” хэмээн дүгнэсэн. Ийм их хэмжээний өрийг өмнө нь ямар ч УИХ, Засгийн газар “үйлдвэрлэж” байсангүй. Энэ их өрийн дарамт ирээдүй хойчид маань өвлөгдөн үлдэх төдийгүй улс орны хөгжлийг олон жилээр хойш татна. Монгол улсын гадаад өр эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд аюул занал учруулах хэмжээнд хүрсэн. Засгийн газар 5.1 их наядын хөтөлбөрөө дүгнээгүй байхдаа 10 их наядын төлөвлөгөө гэгчээ хэрэгжүүлж эхэлсэн. Аль аль нь тооцоо судалгаа бараг хийгдээгүй гэж тодорхойлж болно.
Манай улсын түүхэнд урд өмнө байгаагүй асар өндөр мөнгөн дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүн нь эсрэгээрээ гарчээ. Ковидын өвчлөл эрс нэмэгдэж нийт хүндээ оногдох өвчлөлийн тоогоор дэлхийд тэргүүлж, эдийн засаг сүүлийн 25 жилд байгаагүй хэмжээнд агшсан дүнгээс ийм дүгнэлт хийж болно.
Нэг жилийн хугацаанд хоёр хөтөлбөр зарласан бөгөөд нийт дүн нь 15 их наяд төгрөг буюу Монгол улсын ДНБ-ний 40 хувьтай тэнцэж байна. ДНБхээ тал хагаст хүрэх хэмжээнд хөтөлбөр хэрэгжүүлсэн улс дэлхийд нэг ч байхгүй. Ийм үрэлгэн, үр дүнгүй бодлого хэрэгжүүлсэн гор нь гадаад өрийн өсөлтөөр илэрдэг. Ихэнх улс санхүүгийн нөөцөө цар тахлын аюул болон эдийн засгаа авч үлдэхэд зарцуулж байгаа.
Гэтэл хэт олонхоос бүрдсэн эрх баригчид сонгуульд зориулсан шинжтэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлснээр хөтөлбөрийн зорилго хазайгаад зогсохгүй цаашид нэн таагүй үр дүн дагуулах нь. Хөгжиж буй орны хувьд өрийн дарамтаас гарах өртөг хөгжилтэй орнуудтай харьцуулахад хэд дахин өндөр байдаг. Тухайлбал Монгол улсын урд жилүүдэд босгосон бондын хүү нь хөгжингүй орнуудын бондын хүүнээс хэд дахин өндөр. Гэтэл хямралтай холбоотойгоор зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэх нь үндэсний валют болох төгрөгийн доллартой харьцах ханшийг улам сулруулж таарна. Энэ нь гадаад валютаар төлдөг хуримтлагдсан өрийн үйлчилгээний зардлыг эрс нэмж байна. Манай Засгийн газар дээр дурдсан асуудалд анхаарлаа хандуулж, яаралтай арга хэмжээ авахгүй бол ирэх жилүүдэд эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүндрэх нь тодорхой болоод байна.
ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР Р.ДАВААДОРЖ