Д.Мандахнаран: “Файзер” вакцин хүүхдэд 100 хувийн дархлаа тогтоож байна
Манай улс хүн амаа вакцинжуулж буй улс орнуудын жагсаалтын эхний аравт багтаж байгаа билээ. Гэхдээ бусад улс орны туршлага, зөвлөмжийн дагуу насанд хүрсэн иргэдээ дархлаажуулж, тодорхой үр дүнд хүрээд байна. Харин сүүлийн өдрүүдэд вакцинд хамруулаагүй бүлэг буюу хүүхдүүдийн дунд халдварын тоо эрс нэмэгдэх болов.
Тодруулбал, өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн нийт тохиолдлын 20 орчим хувийг хүүхэд эзэлж байсан бол сүүлийн 14 хоногт хүүхэд халдвар авах тохиолдол нэмэгдэж, 27 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, халдвар авч буй гурван хүн тутмын нэг нь хүүхэд гэсэн үг юм. Тиймээс олон улсын туршлага, судалгаа, зөвлөмжид үндэслэн хүүхдүүдийг дархлаажуулах зорилгоор Засгийн газраас гэрээ хийж, 2.5 сая тун “Файзер” вакцин татан авч, бэлтгэлээ хангаад буй. Тодруулбал, уг вакцинаар 12-17 насны 290 мянган хүүхдийг дархлаажуулахаар төлөвлөсөн талаар холбогдох албаныхан танилцуулсан. Гэтэл сүүлийн үед хүүхдүүдийг вакцинд хамруулах нь зөв, буруу гэх асуудал үүсэж, олон нийтийн дунд эргэлзээ төрүүлэх болов. Тэгвэл хүүхдүүдийг вакцинд хамруулсан улс орнуудын туршлага, вакцин хийлгэсэн хүүхдэд дархлаа тогтож буй эсэх тухайд дархлаа судлаач, хүний их эмч, доктор Д.Мандахнаран “Вакцинжуулалт хийж байгаа улс орнууд, тэр дундаа хөгжингүй улсад дархлаажуулалтад хамрагдсан насны бүлгийнхний өвчлөл, хүндрэл, нас баралт буурч байна. Гэтэл вакцинжуулаагүй хэсэг буюу хүүхдээр дамжин халдварлах, тархах нөхцөл байдал үүсэж эхэлсэн. Коронавирусийн вакцинуудыг богино хугацаанд бүтээсэн учраас олон орон болгоомжилж байсан.
Зарим улс тухайлбал, Израйл “Файзер” вакцин насанд хүрэгчдэд 95 хувьтай дархлаа тогтоож байсан учир хүүхдүүддээ хийж эхэлсэн. АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв 2000 орчим хүүхдийг хамруулан 12-15 насны 1005 хүүхдэд “Файзер” вакцин хийж, 978 хүүхдэд вакцин хийлгүйгээр хэсэг хугацаанд ажигласан байна. Ингэхэд вакцин хийлгэсэн хүүхдүүдээс халдвар авсан тохиолдол огт гараагүй бол хийлгээгүй хүүхдүүдээс 16 нь халдвар авчээ. Үүнд үндэслэн 12-15 насныхныг коронавирусийн халдвараас 100 хувь сэргийлж байна гэж дүгнээд энэ насны хүүхдүүдийг сайн дурын үндсэнд вакцинжуулах зөвлөмж гаргасан.
“Файзер” вакциныг олон улс оронд хэрэглэж, судалгааны дүн гарсаар байна. Үр дүнг харвал насанд хүрэгчдэд 95, хүүхдүүдэд 100 хувийн дархлаа тогтоож байна” гэв.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин