Иргэн Д.Мөнхбатын өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Иргэд үг хэлэх эрх чөлөөтэй боловч, хэлснийхээ төлөө эрх чөлөөгүй байж болохгүй гэдгийг баталгаажуулах түүхэн жишээ боллоо
"Энхсаран" сувиллын асуудлыг нийтэд мэдээлсэн иргэн Д.Мөнхбатад оногдуулсан торгуулийг хүчингүй болгожээ. Түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар буруутгаж, олон нийтэд худал мэдээлэл түгээсэн хэмээн үзсэн байдаг. Тэрбээр шийтгэлийн хуудасны дагуу ХанУул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хэлэлцсэн байна. Үүнтэй холбоотойгоор иргэн Д.Мөнхбатын өмгөөлөгч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-Олон нийтэд худал мэдээлэл түгээсэн үндэслэлээр иргэн Д.Мөнхбатыг буруутгаж байсан. Тэгвэл энэ сарын 4-нд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу түүнд хамаарах Зөрчлийн хэрэг хаагдсан гэсэн үг үү?
-Иргэн Д.Мөнхбат нь “Энхсаран сувиллаас ковидын халдвар дамжин тархах эрсдэл байна” гэсэн асуудлыг өөрийн цахим хуудаст нийтэлсэн байдаг. Тодруулбал, бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Засгийн газрын 178 дугаар тогтоолоор батлахаас нэг хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 10-нд нийтэд мэдээлсэн байгаа юм. Ингэж хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлж үг хэлснийх нь төлөө ямар ч үндэслэлгүйгээр торгуулийн шийтгэл оногдуулжээ. Зөрчлийн хуулийн дагуу “Цар тахлын үед олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээ, мэдээлэл тараасан” хэмээх үндэслэлээр нэгдүгээр сарын 18-нд Д.Мөнхбатыг 500 мянган төгрөгөөр торгохоор болсон. Тодруулбал, ЦЕГ-ын нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны нэр бүхий мөрдөгч түүний эсрэг гомдол гаргасан байдаг. Тиймээс зөвхөн шийтгэх талыг барьж, гэм буруутай л гэж үзэхийн тулд хэргийн материалыг цуглуулсан байгаа юм. Ерөөс олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл гэж юу болох талаарх үндсэн тодорхойлолт хуульд байхгүй. Үүнд, эрх бүхий албан тушаалтан буюу түүнийг шалгаж буй мөрдөгч нь өөрөө тодорхойлолт, тайлбар өгч асуудалд субьектив байдлаар хандах нь буруу хэмээн бидний зүгээс үзсэн. Улмаар нэгдүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бид гомдлоо гаргасан. Үүнээс хойш таван сарын дараа шүүх дахин хуралдаж, шийдвэрээ танилцууллаа. Буруутай үйл ажиллагааг нь тухайн үедээ мэдээлж гаргасан нь зөвтгөгдөх үндэслэлтэй. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хамгаалагдах ёстой шүү дээ.
-Үг хэлснийхээ төлөө шүүгддэг, цагдаа шүүхийн хаалга татдаг ийм жишээ нийгэмд цөөнгүй байна. Энэ нь эргээд иргэдийн дунд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээс айх айдсыг бий болгох эрсдэлтэй болов уу?
-Үг хэлснийхээ төлөө эрх чөлөөгүй байж болохгүй гэдгийг шүүх хурал тод харууллаа. Зөрчлийн хэргийн шүүх хурал 16:00-17:00 цагийн хооронд үргэлжилсэн. Ерөөс манай улсын иргэд үг хэлэх эрх чөлөөтэй боловч, үг хэлснийхээ төлөө эрх чөлөөгүй байж болохгүй гэдгийг баталгаажуулах кейс, түүхэн шийдвэр хэмээн харж байгаа. Олон нийтийн мэдэх эрхэд чиглэж, шударга шүүмжлэлийг өрнүүлж, үнэн бодит мэдээллийг мэдээлсэн байтал эргээд буруутан болж хувирсан жишээ цөөнгүй бий. Асуудлыг олж харсан иргэнийг торгохын араас хөөцөлдөх бус, түүний мэдээлсэн агуулгын дагуу хяналт шалгалтаа эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах нь ардчилсан нийгмийн үнэт зүйл юм. Гэтэл эсрэгээрээ цар тахлын нөхцөл байдалд бодит хяналт тавих ёстой эрх бүхий субьектүүд хариуцлагагүй ажилласан алдаагаа өөрсдөөсөө биш, иргэдээс хайж байгаа ийм үйл явдал болсон. Өмнө нь анхааруулаад байхад ач холбогдол өгөөгүй. Нэг ёсондоо иргэн Д.Мөнхбат хохирогч болсон. Өөрийн эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбодиор хохирч үлдсэн гэсэн үг. Миний үйлчлүүлэгч үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн болохоос биш олон нийтийг төөрөгдүүлж, худал мэдээлэл тараагаагүй.
-Өмнө нь түүнд хамаарах зөрчлийн хэргийн шүүх хурлыг зарласан ч хойшлогдож байсан гэх мэдээлэл бий. Ингэж хойшилсон шалтгааныг тодруулбал?
-Тийм ээ. Шүүх хурлыг зохион байгуулахдаа урьдчилж хэргийн материалаа татаж аваагүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн зохион байгуулалтын буруутай үйл ажиллагаанаас болж хойшилж байсан. Ингээд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт зөрчлийн хэргийн шүүх хурал дахин товлоод амжилттай дууслаа. Одоогийн байдлаар Д.Мөнхбатад хамаарах Эрүүгийн хуулийн шүүх хурлын тов гараагүй байгаа. Сүүлийн хугацаа нь 30 хоног байдаг. Тэгэхээр наадмаас өмнө зарлагдаж магадгүй хэмээн харж байна. Гэхдээ хэргийн ээдрээт төвөгтэй байдлыг харгалзан үзвэл дахиад 30 хоногоор сунгаж болно. Тэгэхээр наадмаас хойш зохион байгуулж болох юм.
-Манай улсад шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчин сул байгаа гэдгийг Д.Мөнхбат иргэний жишээнээс харж болохуйц байна л даа. Тиймээс асуудлыг анзаарах хэрэгтэй болов уу?
-Нийгэмд шүгэл үлээсэн иргэдийг хамгаалах эрх зүйн орчин Монголд байхгүй. Гамшгийн гоц халдварт өвчний үеэр торгуулсан Д.Мөнхбат шиг олон иргэн бий. Тэгэхээр нэн яаралтай шүгэлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлж, хуулиар батлах шаардлагатай байна. Энэхүү хуулийн төслийг 2019 онд УИХ-д өргөн барьсан. Миний бие тус хуулийн төслийн ажлын хэсэгт гишүүнээр орж ажиллаж байсан. Тиймээс яаралтай шүгэлдэгчийн эрхийг хамгаалах механизм буюу хууль зүйн төсөл батлах хэрэгтэй боллоо. Нөгөө талаас Хүний эрхийг хамгаалагчийн хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Үүнд тодорхой хэмжээний дэвшил гарах болов уу хэмээн найдаж байна.
-Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэгт заасан, халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн хэмээх үндэслэлээр Д.Мөнхбатад хэрэг үүсгэсэн байна. Энэ хэргийн процессыг ярих боломжтой юу?
-Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Гэхдээ ерөнхийд нь хэлэхэд, Д.Мөнхбат эх орондоо ирэхийн тулд асар хүнд замыг туулсан. Улмаар Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдал, ардчиллын үнэлэмж, хууль сахиулах байгууллагын нөлөөг өөрийн биеэр харуулж байгаа амьд хэмжүүр болоод байна л даа. Түүнийг Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх заалтаар бусдад гоц халдварт өвчин тараасан хэмээн прокуророос яллаж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Үнэндээ үйлчлүүлэгч маань гоц халдварт өвчнийг "Энхсаран" сувиллын буруутай үйл ажиллагааны улмаас авч, өөрөө хохирогч болсон. Өөрөөр хэлбэл, бусдад халдвар түгээсэн субьект биш гэсэн үг. Гурван удаагийн давтан шинжилгээгээр ковидын хариу нь сөрөг гарч, дөрөв дэх шинжилгээ нь батлагдсан. Гэтэл гоц халдварт өвчин тараасан гэдэг үндэслэлээр яллаж байгаа нь алдаа мадгийг уялдаа холбоогүй шийдвэрээсээ олж харахгүйгээр иргэнд тохох гэж байгаа арга ядсан хэлбэр юм. Өмнө нь манай улсад Эрүүгийн хуулийн 15.6.1 хэмээх зүйл заалтаар нэг ч иргэн гэм буруутай гэж шүүхээс ял шийтгэл эдлээгүй. Эрүүгийн хуульд ХДХВ тараах зүйл анги байсан, улмаар өнгөрсөн жил гоц халдварт өвчин тараасан, халдаасан гэх заалт нэмэгдсэн байгаа. Энэ хэргийг тавдугаар сарын 30-ны өдөр шүүхэд яллах дүгнэлт үйлдээд шилжүүлсэн.
-Халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн хэмээх үндэслэлээр есөн хүнийг яллагдагчаар татсан гэсэн үү?
-Иргэн Д.Мөнхбаттай адил шалтгаанаар есөн иргэнд хэрэг нээж, яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү шилжүүлсэн байна лээ. Эдгээр иргэний дөрөв нь "Энхсаран" сувилалд хэвтэн эмчлүүлж байсан. Харин дөрөв нь тухайн үед албан тушаал хашиж байсан, хяналт тавих эрх бүхий хүмүүс байгаа юм. Түүнчлэн “Энхсаран” сувиллын захирал гэж залуу бий. Эдгээр есөн иргэнд хэрэг нээж, 15.6.1-ээр яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлээд байна. Үүнд шүүх шударга хандаж, бодит нөхцөл байдлыг үнэлэх байх. Үнэхээр тараасан, түгээсэн, гэм буруугийн асуудлыг ярилцсаны үндсэнд шийдвэр гаргах болов уу.