Чиний амьдралыг хэн нэгэн сайжруулж өгнө хэмээн найдаж залуу насаа бүү өнгөрөө!
Хэрвээ бид энэ хорвоогоос халин одохдоо харамсахгүй амьдрахыг хүсвэл насан туршдаа хэдэн зүйлийг санаж явууштай.
-Айдас гэдгээс хол яв. Тэр бол чамайг бүхий л түвшинд хязгаарлагч юм. Гэхдээ мунхаг зоригоор хол явахгүй. Бусдын хэлсэн алив саад, эрсдэл чамд тохиолдох эсэхийг гагцхүү зориглон хийж байж л мэднэ. Эрсдэлээс айгаад байвал юунд ч хүрэхгүй. Ёстой л нөгөө үхсэн мэт амьдрах гэдэг нь тэр болно.
-Бусдад хэт битгий найд. Чиний амьдралыг хэн нэгэн сайжруулж өгнө хэмээн найдаж залуу насаа бүү өнгөрөө. Чамд байгаа хүч, энергиэ мэдэрч, дотоод мэдрэмж, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн, сэтгэл зүрхээ сонсож амьдар. Энэ амьдрал чинь чиний л амьдрал, чиний л боломж, чамд л ирсэн шагнал учраас түүнийгээ дүүрэн ашигла. Тэгж чадвал амьдрал, хорвоо ертөнц чамайг өгөөмөр шагнах нь гарцаагүй.
-Хэн нэгэнд туслах боломж таарвал алдалгүй түүнийг баярлуул. Дараа гэж хойшлуулах боломжгүй зүйлсийн нэг шүү.
-Хэт шүүмжлэгч байх нь ашиггүй. Учир нь энэ нь маш амархан чиний зан чанарын нэг хэсэг болж хувирдаг бөгөөд, чамайг алив зүйлсээс сайн сайхан талыг нь олж харах чадваргүй болгодог. Бас л чамайг хязгаарлагч сэтгэл зүйн том сөрөг хүчин зүйл юм.
-Бидний мартаж үл болох чухал зүйлсийн нэг бол бид энэ хорвоод цор ганцаар биш. Өөрөөр хэлбэл бусдын оршнол нь бидний оршнолын үндэс болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь харилцан хүндэтгэлтэй байх, бие биенээ дэмжиж чаддаг байх, эх дэлхийгээ хайрлах зэрэг маш өргөн хүрээний ойлголт билээ.
-Чадахын дотор бясалгал бүтээл хийж, өөрийн дотоод мөн чанарыг олж, хорвоог танихыг хичээвэл тун сайн.
Товчхондоо эрдэнэт хүний энэ нандин бие, ховор учрал завшааныг сайтар ашиглаж, утга төгөлдөр, сэтгэл дүүрэн энэхэн дэлхийд амьдраад буцахдаа өд мэт хөнгөн, наран мэт гэрэлтэн одмуй...
Уламжлалт анагаах ухаан эмч Намхайдоржийн Цогтмандах