Хятадын явуулж буй бодлогын үр дүнд уйгурчуудын хүн ам хэдэн саяар буурна
Хятадын эрх баригчдын Шиньжаанд явуулж буй төрөлтийг хянах бодлогын үр дүнд ирэх 20 жилд үндэстний цөөнх уйгурчуудын хүн амын тоо ⅓-ээр буурахыг Германы судлаач Эдриан Ценц тогтоожээ.
Тодруулбал, Бээжингийн эрх баригчдын явуулж буй орон нутгийн бодлогын хүрээнд үндэстний цөөнхүүдийн дундах төрөлтийн тоо ирэх 20 жилд 2.6-4.5 саяар буурах аж. Барууны орнууд болон хүний эрхийг хамгаалах байгууллагууд Хятадын эрх баригчид Шиньжаан дахь үндэстний цөөнхөө зориудаар олноор нь устгаж байна хэмээн буруутгасаар байгаа билээ. Хятадын зүгээс үүнийг үгүйсгэж байгаа ба Шиньжаанд төрөлтийн тоо буурсан нь өөр шалтгаантай хэмээн мэдэгдсэн юм.
Эдриан Ценцийн хийсэн судалгаагаар Бээжингийн эрх баригчид үндэстний цөөнхүүдийн эсрэг бодлого боловсруулж, хэрэгжүүлэхээс өмнө Шиньжаан дахь үндэстний цөөнхүүдийн тоо 2040 он гэхэд 13.1 саяд хүрэх төлөвтэй байсан ч Шиньжаанд өнөөдрийн байдлаар баримталж буй бодлогын үр дүнд 2040 он гэхэд үндэстний цөөнхүүдийн тоо 8.6-10.5 саяд хүрэх аж.
Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа Эдриан Ценц түүний хийсэн судалгааны үр дүн Хятадын засгийн газрын бодлогын цаана уйгурчуудын хүн амыг бууруулах урт хугацааны төлөвлөгөө харагдаж байна хэмээн онцолжээ Эдриан Ценцийн судалгаанд 2019 онд Шиньжаан мужийн удирдлагууд хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн 80 хувьд нь жирэмслэхээс сэргийлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байсныг дурджээ.
Үүнд үрийн хоолойг боох мэс засал, спираль тавих зэрэг аргууд багтжээ. Түүнчлэн Бээжин Шиньжаан дахь хятад үндэстнүүдийн тоог нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа ба өнөөдрийн байдлаар Шиньжааны хүн амын 8.4 хувийг хятад үндэстнүүд эзэлж байгаа бол 2040 он гэхэд энэ тоог 25 хувьд хүргэхээр төлөвлөжээ.
Хятадын статистикийн албаны мэдээнээс харвал Шиньжаан дахь үндэстний цөөнхүүдийн дундах төрөлтийн тоо 2017-2019 онуудад 48.7 хувиар буурчээ. Өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчид тус улсын хүн ам буурч байгаатай холбогдуулан гэр бүлүүдэд 3 хүртэлх хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн билээ.
Тэгвэл Бээжингийн эрх баригчид Шиньжаанд үүнээс эсрэг бодлого баримталж буй нь ил болсон материал болон эх сурвалжуудын мэдээллээс харагдаж байна.
Хятадын Гадаад хэргийн яамнаас Шиньжаанд үндэстний цөөнхүүдийг олноор нь устгаж байна гэсэн цуу яриа нь ямар ч утгагүй, худал болохыг онцолжээ. Энэ нь АНУ болон барууны орнууд дахь Хятадын эсрэг үзэл бодолтой хүмүүсийн зохион байгуулсан явуулга хэмээн тодорхойлжээ.
Эх сурвалж: bbc