Ухаалаг хүн бол хэрүүлээс зайлсхийж ярилцахыг илүүд үзэх ёстой
Хүнтэй сууж хүүхэд гаргасны дараа хүн өөрийгөө хаяхгүй тордож, гоё сайхан харагдах ёстой гэдэгт хүүхнүүд их анхаардаг. Хэрвээ нөхөр нь гоо сайханд их ач холбогдол өгдөг бол мэдээж эхнэр нь гоё байхад анхаарах нь зүйн хэрэг. Гэхдээ өөрийн гоо сайхнаас илүү хувь хүний зан ааш, гэр бүлийн хоорондын эрүүл харьцаа маш чухал санагддаг. Үүнийг зөв байлгахын тулд хамгийн түрүүнд нөхрийнхөө онцгойлон авч үздэг үнэт зүйлүүдийг мэдэж байх нь чухал аж.
Жишээ нь манай хүн гурван зүйлийг чухалд тооцдог. Түүний хувьд хэрүүл бол аймшигтай зүйл. Хэрүүлд дуртай эрэгтэй хүн байхгүй л болов уу. Дараа нь хүн худлаа ярихыг үзэхгүй. Өөрөө ч худлаа ярьдаггүй. Гурав дахь нь ямар нэг зүйлд шалтаг тоочих.
Би гоё сайхан харагдахаас илүү энэ гурван зүйлээс аль болох зайлсхийж сурав. Тэнэг биш бол хэрэлдэж л таараа гэдэг гарчигтай нийтлэл саяхан их явсан. Нэгэн жүжигчин эмэгтэйн яриа байсан санагдана.
Ухаалаг хүн бол хэрүүлээс зайлсхийж ярилцахыг илүүд үзэх ёстой гэж энд үздэг юм. Хэрүүл удаан үргэлжилдэг бөгөөд сэтгэлийн галыг унтрааж, хайрыг багасгадаг. Хэрүүлээс ямар ч шийд үр дүн гардаггүй аж. Манай хүн намайг ууртай эсвэл хэрэлдэх өнгө аяс гаргах үед за хоёулаа ярилцья гэдэг. Хоол хийж байсан ч хамаагүй орхиод шууд яриа эхэлнэ. Сонирхолтой нь ингэж ярилцахаар үргэлж эерэг үр дүнг гардаг. Хамгийн муухай зүйл бол эхнэр нөхөр уурлахаараа хоёулаа дуугаа хураах эсвэл бие биеэ элдэвээр хэлэх. Ийм байдалд хэзээ ч бүү ор гэж зөвлөдөг юм билээ.
Нөхрийнхөө өмнө яаж ч байсан хэзээ ч бүү худлаа ярь. Жижигхэн мэдрэмж байсан ч хамаагүй үнэнээ хэлж, үнэнийг ярьж, үнэнээр нь өгүүлэхэд манай нөхөр үүнийг маш том хүндэтгэл гэж хүлээж авдаг. Заримдаа түүх шашин, эх орон, өнөөдрийн монголын амьдрал, эцэг эх, хамаатан ах дүүгийн байр байдлыг ярих цаг заавал гарна. Энэ тухай ярихдаа би хэзээ ч дөвийлгөдөггүй. Хэн ямар байсан, яагаад ийм юм бэ гэдгийг харснаараа мэдсэнээрээ бодсоноороо тайлбарладаг. Бусдын хэлсэн үгийг тэр чигт нь хэлдэг. Энэ миний найз учраас манай хүн буруугаар ойлгочихно муугаар бодчихно гэдэггүй. Тэр хүн өөрийн гэсэн мэдрэмжтэй. Би муухайг нь хаалаа ч тэр хүн үүнийг харах нүдтэй. Хатагтай Лауденбах "Оюутан хүн бол академич хүн" гэдэг юм. Тэр нь бодитоор харж, оюунаараа сэтгэж, өөрийн толгойгоор байхын тулд үнэн бодож, үнэн ярь гэсэн үг юм.
Монголд хүмүүс маш их шалтаг тоочдог. Хоцорсон, хийгээгүй, чадаагүй зүйлээ үргэлж ямар нэг юмаар хаацайлна. Бурууг бусад руу өгнө. Үүнийг үндэсний шинж чанар, монгол хүн угаасаа ийм гэсэн ойлголт өгөхгүйн тулд би гэртээ шалтаг тоочдоггүй. Гэрээ цэвэрлэж амжаагүй бол, хичээлээ хийгээгүй бол, эмчид очих цагаа мартсан бол мартчихжээ л гэдэг. Хоёр нялх хүүхэдтэй би амжихгүй байна гэж шалтаг хэлдэггүй. Заримдаа хичээл дээр бодсноос доогуур дүн авдаг. Шалгалт хэцүү байсан, багш тэгж хэлээгүй гэж би хэлдэггүй. Заримдаа ядарснаас хичээл дээр унтах, автобуснаас хоцрох юм бий. Тэглээ гээд худлаа шалтаг хэлнэ гэдэг өөрийгөө хуурахаас хэтрэхгүй. Хэрвээ би зүгээр л жишээ нь түгжрэлтэй байлаа гэвэл амархан мэдэж болно. хаана ямар түгжрэл байгаа эсэхийг радиогоор эсвэл автобусны явах замд мэдээллэдэг юм. Ямар нэг шалтаг хэлэх нь сонсож байгаа хүнээ тэнэг гэж хэлсэнтэй ялгаагүй учраас энд маш муухай зан чанарт тооцдог.
Батчулууны Чимэдлхам
Герман улс