Хойд Солонгост гадаадын телевизийн контентыг үзэж байгаад баригдсан иргэнд 15 жил хорих ял онооно
Гадаадын контент ихээр хадгалж байсан бол цаазын ялаар шийтгэнэ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун гадаадын улс орнуудын нөлөөг үгүй хийх зорилгоор гадаадын кино үзэж, гадаадын хувцас өмсч, гадаадын үг хэллэгийг ашиглаж байгаад баригдсан иргэдийг хатуу шийтгэх тухай хуулийн төслийг баталжээ.
Өмнөд Солонгос, АНУ эсвэл Японы телевизийн контентыг ихээр хадгалж байгаад баригдсан иргэнд цаазаар авах шийтгэл ноогдуулах бол гадаад улсын телевизийн контентыг үзэж байгаад баригдсан иргэнд 15 жил хорих ял оноох аж.
Ким Жон Ун "Хойд Солонгосын залуусын дунд ажиглагдаж байгаа тааламжгүй бөгөөд социалист үзлийн эсрэг биеэ авч явах байдлыг дарж авахыг" Залуусын холбоонд уриалж, залуусын дунд гадаад үг хэллэг ашиглах, гадаадын үсний засалтыг дуурайх, гадаадын хувцас өмсөх явдал нэмэгдэж байгааг "аюултай хор"-той зүйрлэсэн байна.
Түүнээс гадна шинэ хуулийн төсөл нь зөвхөн гадаадын контент үзсэн эсвэл хадгалсан хүнд үйлчлээд зогсохгүй уг хуулийг зөрчсөн иргэний ажиллаж буй газрынх нь даргыг, хүүхэд нь дээрх хуулийг зөрчсөн бол эцэг эхийг нь мөн давхар шийтгэх тухай тусгажээ.
Ажиглагчид уг хуулийн төслийн тусламжтайгаар Хойд Солонгосын эрх баригчид гадны орнуудын мэдээлэл хойд солонгосын ард иргэдэд хүрэх явдлыг зогсоохыг оролдож байна гэж үзэж байна. Энэ нь Хойд Солонгост нөхцөл байдал улам дордож, сая сая иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэж, амьдрах аргагүй болоод байгаатай холбоотой гэнэ.Коронавирусын цар тахалтай холбоотойгоор хилээ хааснаар Хойд Солонгос улс гадаад ертөнцөөс бүр ч илүү хаалттай болсон ба Хятадаас бараа бүтээгдэхүүн татан авах нь хязгаарлагдмал байгаа аж.
Эх сурвалж: BBC.com